ОРОН НУТАГ

Монгол Улсын 21 аймгийн 2023 оны зорилт

Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин шинэ оны эхний дугаартаа 21 аймгийн 2023 оны хөгжлийн зураглалыг танилцуулж байна. Бид аймгуудын Засаг дарга нартай холбогдож 2023 оны зорилго, хийж хэрэгжүүлэх ажлыг сонирхож уншигчдадаа хүргэж байна. 

Архангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Мөнхбат: Хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч ажиллана

-Эртний түүх, соёлын эхлэл нутаг Архангай аймаг хөгжлийнхөө тулгын чулууг хүний хөгжил, аялал жуулчлал, хөдөө аж ахуй хэмээн тодорхойлсон. ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдааны тогтоолоор Архангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил”  болгон зарлаж,  зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төсөл, төлөвлөгөөг баталлаа. 2023 онд Архангай аймаг түүхт 100 жилийн ойгоо угтана. Ой угтсан бүтээлч, шинэлэг ажлуудаар төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор  оны эхний ажлаа хэрэгжүүлж угтаж байна. 

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: Аймгийн төсвөө дангаар бүрдүүлнэ 

Усны тухай хуулийг шинэчлэн батласантай холбоотойгоор Булган аймгийн хувьд энэ жил төрөөс татаас авахгүй, дангаараа төсвөө бүрдүүлэх боломжтой болж байна. Аймгийн хэмжээнд инженерийн болон хэрэглээний халуун усны дэд бүтцийн ажил үргэлжлэн явагдана. Манай аймгийн хувьд эдийн засгийн гол ачааг хөдөө аж ахуйн салбар үүрч байдаг онцлогтой. Энэ жил хөдөө аж ахуйн салбартай хамт аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ялангуяа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарах нь Засаг даргын анхаарал хандуулах гол чиглэл гэж үзэж байна. Мөн аймгийн төвөө жишиг болгож, бүрэн камержуулах, гэрэлтүүлэг хийх асуудалд онцгой анхаарахаар төлөвлөж байна. 

Дундговь аймгийн  Засаг дарга Ц.Мөнхбат: Боловсролын чанарт анхаарсан жил болно

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Дундговь аймгийн хувьд энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Энэ чиглэлд бизнес эрхэлдэг газруудыг дэмжиж ажиллахаас эхлээд төлөвлөгөө гаргаж байна. Хоёрдугаарт, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч, Орон нутгийг хөгжүүлэх сангаас 750 сая төгрөгийн хөрөнгө суулгасан.  “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Боловсролын чанар Дундговьчууд” гэдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.  Гуравдугаарт, улсын төсвөөр шинэ бүтээн байгуулалтын ажил хийхгүй, хуучин ажлуудаа гүйцээнэ гэсэн зарчимтай төсөв батлагдсан.  Энэ хүрээнд аймагт хоёр  сургууль, нэг цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно.  Цаашид нийгмийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэгч нартай хамтарч ажиллана.  Дараагийн нэг асуудал нь жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүддээ зориулж “Бизнес хөгжлийн төв” байгуулж, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна.  Энэ хүрээнд хамтарч олуулаа нийлж, бусад аймаг орон нутаг, Улаанбаатар хот руу бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.   Мөн энэ жил дөрвөн жилд нэг удаа болдог 3000 морин хуурчийн фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан: “Хөвсгөлд зочлох жил” зарлаж байна

Улиран одож буй 2022 он Хөвсгөлчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшин өмнөх оноос 49,6 хувиар буурч,  шинээр 1550 ажлыг байрыг нэмэгдүүллээ. 
Улсын мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ. Аймгийн хэмжээнд мал сүргийн тоо өнгөрсөн оныхоос 311280 тоо толгойгоор буюу 5,2 хувиар өсөж, эрдэнэт мал сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг амжилтаа ийнхүү хадгаллаа. Мөн Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болох цаа бугын тоо өнгөрсөн оныхоос 99 тоо толгойгоор өсөж 2540 цаа буга тоолууллаа. Энэ бүхэн нутгийн зон олны минь уйгагүй их хөдөлмөрийн үр шим билээ. 
Монгол Улсын засгийн газраас 2023-2024 оныг монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг аймгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавин  2023 оныг Хөвсгөл аймаг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлан  ажиллаж байна. 

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж: 11 бүтээн байгуулалтын ажилд нэмэлт хөрөнгө оруулалт тусгаж чадлаа

-2023 онд Улсын хэмжээнд шинэ хөрөнгө оруулалт гэж байхгүй.  Хуучин хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах бодлого баримтална. Энэ жил 11 бүтээн байгуулалтын ажилд нэмэлт хөрөнгө оруулалт тусгаж чадсан.   Дараагийн нэг асуудал нь аймгийн хэмжээнд иргэдийн маань амжиргааны түвшин нэлээд доошилж, худалдан авах чадвар буурсан байна.  Тиймээс иргэдийн амжиргааг дэмжих чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулна.  Айл өрх албан байгууллагууд голлох нэр төрлийн хүнс, төмс хүнсний ногоог нь өөрсдөөр нь тариулах чиглэл баримталж байна. Энэ нь хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх давуу талтай гэж харж байна.  Мөн өнгөрсөн жил Өвөрхангайчууд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 320 гаруй мянган мод тарьсан.  Цаашид энэ хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.  Тэр дундаа жимсний төрлийн модыг илүү тариалж байна.    Манай аймаг газар зүйн тун ашигтай байрлалтай. Баруун чиглэлийн хоёр том улсын чанартай авто зам Өвөрхангайн төв болон Хархорин сумаар дайран өнгөрч байна. “Жаргал үздэггүй 60 км” зам  маань өнгөрсөн жил ашиглалтад орсон.   Энэ замын бүтээн байгуулалтын ажил маань сүүлийн арав гаруй жил яригдлаа. Одоо замын хажуугийн үерийн хоолой бэхэлгээний ажлууд хийгдэж байна.    Мөн Тээвэр ложистикийн төв байгуулах зорилго бий. Мөн Өмнөговь, Дундговьтой холбосон босоо тэнхлэгийн автозамыг барьж байгуулахаар холбогдох яамдад хүсэлтээ хүргүүлээд байна. 

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

-Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохионо. 2022 онд Завхан аймагт бүтээн байгуулалтын ажил ихээр өрнөсөн, шинжлэх ухааны томоохон судалгааны ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Шинээр 12 барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээн авч, Дулааны станц, Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэв. Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан ус хэмээх газарт буюу хангайн нурууны баруун өмнөд бэлээс анх удаа Хүннүгийн үеийн язгууртны булш олдож, “Ямаан ус” археологийн судалгааны ажлыг эхлүүллээ. Уг судалгаа нь Монголын археологичдын 2022 оны шилдэг судалгаагаар шалгарсан. Цаашид археологийн дурсгалууд анхны байдлаараа харагдах шийдэл бүхий музей, сургалт судалгааны төв байгуулж, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2023 онд Завхан аймагт 37 тэрбум 481.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тодруулбал, Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 35 арга хэмжээг  нэг тэрбум 794.5 сая төгрөгөөр, эдийн засгийн бодлогын хүрээнд 37 арга хэмжээг таван тэрбум 652.5 сая төгрөгөөр, Засаглалын бодлогын хүрээнд 20 арга хэмжээг 948 сая төгрөгөөр, Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 14 арга хэмжээг 876.5 сая төгрөгөөр, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд 82 арга хэмжээг 28 тэрбум 209.8 сая төгрөг, нийт 37 тэрбум 481.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 188 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжил, ирээдүйг дэмжинэ

Дорнод аймаг 2023 онд Улсын төсвийн 93 тэрбум төгрөгөөр усан сан бүхий спорт цогцолбор барих, хүүхдийн эмнэлгийн барилга, цэцэрлэг, сургуулийн барилгын ажил, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц хүчин чадлаа 50 МВт-аар нэмэгдүүлж, 86 МВт-д хүргэх төслүүд дуусах бөгөөд, Ульхан, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозам барих ажлууд эхэлнэ.
Аймгийн төсвөөр аймгийн төв, сумдын усан хангамж, усны чанар сайжруулах, аймгийн төвийн автозамыг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих зэрэг томоохон ажлуудыг төлөвлөсөн. Мөн хүүхдийн хөгжил, ирээдүйг дэмжсэн “Хүн болох багаасаа” гадаад хэл, авьяас, спортыг хөгжүүлэх төсөл, хүний хөгжлийг дэмжсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Цаашдаа аймаг бүр, сум орон нутаг бүр төсвийн орлогоо өөрсдөө бие даан бүрдүүлж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэн, харин улсын төсвөө сум, орон нутгийн чанартай ажлуудаас чөлөөлөн энэ эх үүсвэрээр хилийн боомтууд, төмөр зам, автозам, агаарын тээвэр, нийслэл, аймгийн төв, сумын төв, шинэ суурьшлын бүсүүдийн эрчим хүчний эх үүсвэр, усан хангамж, дулаан, цахилгаан, бохирын шугам сүлжээ зэрэг хөгжлийг тэтгэх дэд бүтцээ шинэчилж, өргөтгөж байх зарчимыг баримтлана. 2023 онд сумдын хөрөнгө оруулалт 3.3 тэрбум болж нэмэгдэхээр төсөвт тусгагдсан бөгөөд Засгийн газраас аймгууд өөрийн төсвийн бие даан бүрдүүлдэг болгох зорилтьг дэвшүүлж байгаатай нэгэн адил бид төсвөө бие даан бүрдүүлдэг, дотоод асуудлаа өөрийн төсвөөр бие даан шийдвэрлэх чадамжтай сумдын тоог нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөсөн.

Баян-Өлгий аймаг Засаг даргын орлогч Х.Арман: Баруун бүсийн тэргүүлэх аймаг болох зорилтыг тавин ажиллаж байна

-Боловсролтой, эрүүл, хэл, түүх соёл, үндэсний ухамсараа эрхэмлэн дээдлэсэн иргэнтэй, унаган байгаль экологийн тогтвортой байдлаа хадгалсан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн баруун бүсийн тэргүүлэх аймаг болох зорилтыг тавин ажиллаж байна. 
Энэ хүрээнд хүн амын хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана. Хүнд ээлтэй орчин бүрдүүлэхээс гадна бүс нутгийн хөгжлил, ногоон хөгжлийн зорилтот түвшинг бүрэн ханган ажиллана. Мөн “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд жуулчидад зориулсан үйлчилгээнд анхаарах болно.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: Иргэдийнхээ ажил орлого, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилтэй том төслүүдээ 2023 онд үргэлжлүүлнэ

80 жилийн түүхэн хугацаанд 90 мянга болж өссөн баянхонгорчуудын нийтлэг эрх ашиг, цаг үе нөхцөл байдлын шаардлага, ирээдүйд ил тод гарах үр дүнгийн бодит тооцооллыг боловсруулан, манай аймаг томоохон төслүүд, дэд бүтцийн далайцтай өргөтгөлийн ажлуудаа өнгөрсөн онуудад эхлүүлж, энэ онд үргэлжлүүлэхээр болоод байна. Тухайлбал, 2020 оноос илүү үр ашигтай, орчин үеийн дэвшилтэд технологи, дэд бүтцийн оновчтой шийдлээр шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эхлүүлж 30 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр дэд бүтцийн шугам сүлжээ тавих, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц барих, айл өрхөд газар олгох ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ жил тус бүсийн шугам сүлжээг илүү өргөтгөж, хаус хороолол байгуулах, 10 км авто зам ашиглалтад оруулах гэсэн тэлэх бодлогын ажлууд үргэлжилнэ. 
Манай аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын газрыг далайцтай өргөтгөлд холбох төслөө хоёр дахь жилдээ  үргэлжлүүлнэ. Төсөл  хэрэгжсэнээр Баянхонгор сумын  гэр хорооллоо орон сууцжуулж, дулаан хангамж, ус хангамжийн дэд бүтэцтэй болгож, түүнийгээ дагаад аймгийн  агаар хөрсний бохирдлын хэмжээ буурч, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэмж, үнэ цэн өснө гэж тооцоолж байна. Хөдөө аж ахуйн кластер төслийн хүрээнд манай аймаг хүнсний ногоогоо эрүүл хөрсөндөө өөрсдөө тариалж, дотоодын хэрэгцээгээ хангадаг болох улмаар малчид, тариаланчдынхаа хөдөлмөрийн үр шимийг хамгаалах, дотоодын нөөц бололцоо, давуу талдаа түшиглэн дэлхийн зах зээлд өндөр өртгөөр бүтээгдэхүүн /ингэний сүүг боловсруулна/ нийлүүлэхээр  ажиллаж байна. Талуудтай хийсэн гэрээ хэлцэл, төлөвлөгөөний хүрээнд эхний бүтээгдэхүүнээ энэ онд  үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлэх болно. Дээрх төсөл бүр манай иргэдийн ажил амьдрал, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилтэй шууд хамааралтай тул энэ ондоо үргэлжлүүлж, үр шимийг даруй хугацаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: Үйлдвэр технологийн парк болон хөгжинө

-Засгийн газраас дэвшүүлсэн Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөдөө сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх, орон нутагт нь эдийн засгийн эрх мэдлийг олгох, орон нутагт аж ахуйн үйл ажиллагаа, бизнес эрхлэх боломжийг тэлэх, орон нутгийн эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Мөн Дорноговь аймгийн эдийн засаг, ялангуяа хүнд, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараа яаж хөгжүүлэх тал дээр үйлдвэр, технологийн паркийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа байгуулсны хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ. Дорноговь аймаг үйлдвэр, технологийн парк болж хөгжих үндэс суурь, дэд бүтэц тавигдаж байна. Алтанширээгийн хүнд үйлдвэрлэлийн цогцолбор, Мандах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын зааг нутгийн дамнасан хүнд үйлдвэрлэлийн технологийн паркийн асуудал яригдаж байна. Мөн Даланжаргалан сумын бүлэг орд гэсэн үндсэн гурван бүс нутаг дээр тойрог үүсгэж үйлдвэрлэлийн технологийн парк баригдах, нөгөө талд эдгээрийг дагасан жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулах асуудал яригдаж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа сүүлийн жилүүдэд төдийлөн сайн анхаарч, хөрөнгө оруулалтаа шийдэж, зохих төлөвлөлтийг гаргаж, түүнийг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулж чадалгүй ирснийг цаашид цогцоор нь аймаг, улсын хэмжээнд Дорноговь аймаг руу чиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэр, экспортод чиглэсэн логистикийн үйл ажиллагааг залруулна. Дорноговь аймагт маш том хөгжлийн боломж байна. Энэ ажил маань Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байна.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: Өвлийн нүүдэлчдийн өвийг “Мөнгөлөг шагшуурга”-аар харуулна

-Ховд аймаг шинэ ондоо гурван чиглэлд онцгойлон анхаарахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, амьдралын чанар буюу хог, утаа, хот тохижилт, ногоон байгууламж, халуун ус, цахилгаан дулааны хүртээмжийг сайжруулахад цогц арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Хоёрдугаарт, шударга ёсыг онцолж байгаа. Энэ хүрээнд хувьчлал, газар олголттой холбоотой асуудлыг эргэж харж цэгцлэхийг зорьж байна. Засч сайжруулах явцдаа хариуцлага тооцоод явах байх. Тэр дундаа газар олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч өмнө нь жилд 200-300 хүнд 0.7 га газар олгож ирсэн бол 2023 ондоо 5000 хүн болгож нэмэгдүүлнэ. Энэ бүхнийг төсөвтөө тусгасан учраас хийж хэрэгжүүлэхэд ямар нэг саад гарахгүй. 
Шинэ сэргэлтийн бодлогыг аймаг орон нутагтаа бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Томоохноос нь дурьдвал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, ногоон хөгжлийн зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицож хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа. Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын Шинжаан уйгарын ӨЗО-ны Алтай аймагтаа хэлэлцээр хийж боомтоо өргөжүүлэх шийдэлд хүрсэн. Түүнчлэн аймаг орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, Улаанбаатараас орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний нэг жишээ бол оны эхний хагаст буюу нэгдүгээр сарын 19-22-ны хооронд “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулган, Мөнгөлөг шагшуурга баяр хийхээр бэлтгэлээ базааж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн анхны арга хэмжээ манай аймагт болж буйгаараа онцлог. Жуулчид зөвхөн зун биш өвөл ирэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд өвлийн нүүдэлчдийн өвийг “Мөнгөлөг шагшуурга”-аар харуулна. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга  Б.Азжаргал: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах аж үйлдвэржсэн ногоон Дархан хот

1961 оны 10 дугаар сарын 17-нд Бурхантын хөндийд сууриа тавьсан Дархан хот нь эдүүгээ 4 сум, 26 баг, 107.751 хүн амтай олон улсын авто зам, төмөр замын зангилан дээр байрладаг, төвийн эрчим хүний систем, өндөр хурдны шилэн кабель бүхий дэд бүтэц хөгжсөн, гадаад 23 муж хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн төвийн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах аж үйлдвэржсэн, мэдээллийн технологи, инновац хөгжих, эко системийг бүрдүүлсэн томоохон хот болох хэтийн төлөвлөлттэй Дархан-Уул аймаг нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүний хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, аж үйлдвэржилтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг дэмжсэн эко хот болон хөгжих, тэгш хүртээмжтэй, иргэдэд ээлтэй төрийн болон нийгмийн үйлчилгээг төлөвшүүлэх, эрчимжсэн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дархан-Уул аймаг нь 2023 онд “Ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:  2023 оны нийт төсвийг 41.4 төгрөг байхаар баталлаа

-Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Сүхбаатар аймгийн 2023 оны нийт төсвийг 41,4 тэрбум төгрөг байхаар баталлаа. Үүний 25,9 тэрбум нь орон нутгийн хөрөнгө оруулалт байна. 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЕБС болон цэцэрлэгийн бүх багш нарыг компьютержүүлэх, төрийн захиргаа болон төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдын цалинг тус бүр 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон нь энэ удаагийн төсвийн онцлог байлаа. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд зориулсан төсвийг тусгасан нь 2023 оны төсвийн бас нэг онцлог байлаа. Тухайлбал, 2023-2027 онд хэрэгжих Сүхбаатар аймгийн “Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрт 500 гаруй сая төгрөгийг тусгажээ. Орон нутагт дуталтай байгаа боловсон хүчнийг татах, одоо ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, шинээр төгсөн ирж буй албан хаагчдад байрны дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд тусгай гэрээний дагуу хэрэгжүүлэх юм. Харин хувийн хэвшилд ажиллаж буй залуучуудад зориулсан “Нутгийн залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд тэднийг дэмжих, урамшуулах, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд зориулсан төсвийг ч тусгасан. Эрүүл мэндийн салбарын тухайд өнгөрсөн жил аймгийн нэгдсэн эмнэлэгт хөрөнгө оруулалтыг түлхүү хийсэн бол 2023 онд сум, өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах, чанар стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй болгох. Түүнчлэн олон жил яригдсан сумдын ЭМТ, ЗДТГ-ын авто машины парк шинэчлэлийг ирэх онд хийнэ. 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав: “Хүүхдэд ээлтэй аймаг болно”

Хэнтий аймгийн хувьд 2023 онд Засгийн газар, аймгийн ЗДҮАХ-т тусгасан зорилт арга хэмжээгээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах дөрвөн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Үүнд өнгөрсөн жил эхлүүлсэн “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн ажлаа үргэлжлүүлж, хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, сурлагын түвшинг ахиулах, чөлөөт цагаа өнгөрөөх орчинг бий болгох, аюулгүй байдлыг нь хангахаар зорьж байгаагаас гадна хүүхдүүдийн суурь хүмүүжил, зөв хүн болон төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч сэтгэл зүйн үйлчилгээ, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж “Хүүхдэд ээлтэй аймаг” болохыг нэн тэргүүний зорилгоо болгон дэвшүүлээд байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог давуу талыг сурталчлан таниулж, иргэдийг татах, аймагт шилжин ирж ажиллаж, амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгоход анхааран ажиллаж 8000 иргэнийг орон нутагтаа татаж, нийт хүн амынхаа тоог 10 хувиар нэмэхээр төлөвлөлөө.  
Түүнчлэн орон нутагт дутагдалтай байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай, ажиллах боломжийг олгохоос гадна өөр аймаг, хотоос ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хөшүүрэг болгох зорилгоор “Эрүүл мэнд, боловсролын байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэхээр боллоо. Энэ онд Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Тиймээс түүхт ойгоо угтаж, олон бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаагийн нэг нь 1983 онд аж ахуйн аргаар барьсан төв цэнгэлдэх хүрээлэнгээ бүрэн шинэчлэн засварлаж жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой соёл амралтын хүрээлэн болгож тохижуулж байна.  

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: Бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч болно 

Аймгийн ИТХ-аас 2023 оныг “Түүхт ой-бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Аймгийнхаа түүхт 100 жилийн ой тохиож бид бүхэн эрхэлж буй салбар бүртээ өндөр амжилт гаргаж, их бүтээн байгуулалт өрнүүлж улс, аймгийн хөрөнгө оруулалтаар 128.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд 320 ор бүхий хоёр дотуур байр, 450 ор бүхий гурван цэцэрлэг, 1280 суудал бүхий гурван сургууль, дөрвөн суманд эрүүл мэндийн төв, гурван суманд соёл спортын төв, Жаргалант суманд спорт заал, аймгийн нэгдсэн эмнэлгийн 50 ортой өргөтгөл, Монголын үндэсний археологи, палентологи, угсаатны музей, лабораторийн барилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлж аймгийнхаа эдийн засгийн онцлог, хөгжлийн давуу талтай уялдуулан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг аймгуудаас анх удаа боловсруулж, Хөдөө аж ахуйн салбар хөгжих байгалийн бүс, эдийн засгийн тойргуудыг оновчтой тогтоож, харилцан бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжсэн, хоршин хөгжих боломжтой загвар 24 төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хангах түшиц аймаг” болж ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг 13 хувьд хүргэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэн “Хөдөө аж ахуйн стратегийн бүс нутаг” болох, “Бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч аймаг” болох зорилтыг хэрэгжүүлэхэд аймгийнхаа хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн хангалт, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зээлийн бодлогоор дэмжин ажиллахаар төлөвлөөд байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:  Хүнсний хувьсгалд түүчээлнэ 

-Бүх байгууллагынхаа дарга удирдлагуудтай хамтарч ажиллаж “Би биш бид” гэсэн сэтгэлээр аймгаа хөгжүүлэхээр зорьж байна. Орон нутгийнхаа онцлогтой уялдуулан эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн салбараа дэмжиж ажиллана. Ингэхдээ бүх сумынхаа хөгжлийн судалгааг гаргаж байгаа.  Аль сум мал аж ахуй, аль нь эрчимжсэн байх вэ, мөн хүнсний ногоог төрөлжүүлэн тарих зэргээр судалж, үйлдвэрлэлүүдийг төрөлжүүлэн нэг чиглэлээр дагнаж байж аймаг хөгжинө. 
Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Монгол Улс хүнсний ногооны хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтод Сэлэнгэ аймаг түүчээлэн оролцох боломж бүрэн бий. Үүнийг нэн даруй эхлүүлнэ. Мөн Алтанбулагийн хилийн чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар төлөвлөсөн ажлууд  бий. “Тэрбум мод” хөдөлгөөн хоёр жилийн дотор үр ашгаа өгнө гэж төлөвлөж байгаа. Цар тахалтай дасан зохицож, хорихоос илүү эдийн засгаа нээж, чөлөөтэй байлгахад анхаарч байна. 

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: “Увсад тавтай морил” хөтөлбөрийг зохион байгуулна

Улаанбаатар хотоос Увс аймагт ирж ажиллах залууст зориулсан “Увсад тавтай морил” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхээр боллоо. Аяны хүрээнд төв суурин газраас хөдөө рүү чиглэсэн бодлогыг барьж ажиллахаар төлөвлөөд байна. Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах чиглэлийн ажил яригдаж байна. Үүний хүрээнд төв суурин газрын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх замаар орон сууцыг олноор бариулах нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр гэрт амьдардаг хүмүүс гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж аймагтаа орон сууцанд амьдрах боломжтой болох юм. Үүнтэй холбогдуулан орон сууцны хорооллыг олноор байгуулах ажилд анхаарлаа хандуулж байна. Үүнээс гадна өнгөрсөн онд эхлүүлсэн дижитал аймгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийг бүрэн хэрэгжүүлснээр Увс аймгийн айл өрхүүд цахим технологийн мэдээлэлтэй болж, мэдээ мэдээллийг шуурхай авах, санал гомдлыг хүлээн авах бүрэн боломж үүсэх юм. Үүнээс гадна хөгжлийн ирээдүйтэй газруудын төсвийг бүтээн байгуулснаар “Увсад тавтай морил” хөтөлбөрийг танилцуулах бүрэн боломжтой. 

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал: “Ногоон Эрдэнэт” болно

Бид хамтын хүчээр байгаль эх дэлхийдээ, Эрдэнэт хотдоо мод олноор тарьж, ургуулан ногоон байгууламж бий болгосон. Хог хаягдлын менежментээ сайжруулж, хог татан тээвэрлэх парк шинэчлэлтийг хийсэн, нийтийн тээвэр, цахимжуулалт, орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлсэн, байгууллагуудын үйлчилгээнд дэвшил гарсан бүтээлч ажлын жил болон өнгөрч байна.
2023 онд энэхүү амжилт ололтоо улам бататгаж, санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ амжилттай үргэлжлүүлж, хүний хөгжилд тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн жишиг ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал  “Цахим Эрдэнэт”, “Ногоон Эрдэнэт”, “Хогны менежментийг сайжруулах хөтөлбөр” зэрэг томоохон хөтөлбөрүүдэд тусгагдсан ажлуудын үр дүн эхнээсээ эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид бүхний зоримог эхлүүлж чадсан зүйл бол хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил юм. Ирэх жилүүдэд ч мөн адил шугам сүлжээ шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хийж дэд бүтцийн асуудлаа шат дараатай сайжруулахаар төлөвлөөд байна.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном: Инновацыг дэмжинэ

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.  Мөн хотын автозамын сүлжээг өргөтгөж, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмэгдүүлж шинэ суурьшлын бүсийн цахилгаан дэд бүтцийг шийдэх, хүүхдийн тоглоомын талбай, тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлд томоохон ажлууд эхлүүлэн ажиллаж байна. Эдгээр төслүүдэд одоогоор аймаг, сумын төсвөөс 5.5 тэрбум, улсын төсвийн 16.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөөд байгаа. Мөн хүн амаа өсгөх бодлого баримтлах, хотоос татах хүчний урсгалыг сааруулах зорилтын хүрээнд нэмж орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлд улс болон бүс нутгийн хэмжээний томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид инновацыг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн төсвийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ дашрамд “Зууны мэдээ” сонины нийт уншигчдадаа шинэ оны баярын мэнд дэвшүүлье!

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: “Нутгийн дэм” хэрэгжиж эхэлнэ

Төрөлх нутгийнхаа шинэ цагийн бүтээн байгуулалтыг бий болгоход хүч чадал, билэг авьяасаа харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, тэднийг залгамжлан авч хөдөлмөрлөж, бүтээж буй залуучууд, төрийн албан хаагчдын хичээл зүтгэлийн шимээр Өмнөговь аймаг маань өдрөөс өдөрт өнгө төрхөө шинэчлэн өөрчилсөөр 2022 онд Монгол улсын “Шилдэг аймаг”-аар шалгарсан. Аймгийн ИТХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 9-р хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийг түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу 648,5 тэрбумаар баталж үүний 42,2 буюу 273,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх гэж байна. Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагын ажилчдын цалинг шатлалаар нь 100 хүртэлх хувь нэмэгдүүлж, “Нутгийн дэм” хөтөлбөрөө нэмэгдүүлсэн түүхэн шийдвэрүүд гаргаснаа энэ оноос хэрэгжүүлж эхлэх гэж байна.  2023 он Өмнөговь аймгийн хувьд бүтээн байгуулалт өрнөсөн амжилт бүтээл дүүрэн жил байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 1 (6986)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet