ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын хүчин Херсонд өдөрт 7-10 удаа цохилт өгдөг байсан бол одоо 70-80 удаа цохилт өгч байна

Өмнө нь Оросын хүчин Херсонд өдөрт 7-10 удаа цохилт өгдөг байсан бол довтолгоогоо эрчимжүүлж, одоо 70-80 удаа, бүтэн өдрийн турш цохилт өгч байгааг хотын оршин суугчид хэлж байна.

Херсон бол стратегийн чухал ач холбогдолтой бүс бөгөөд 2014 онд Москвагийн өөртөө нэгтгэсэн Крым руу нэвтрэх гарц үздэг.

Сүүлийн үед халдлагын тоо эрс нэмэгдсэнээр хотоос дүрвэх иргэдийн урсгал нэмэгдсэн бөгөөд Зул сарын баяраас хойш Херсон хотыг 400 гаруй хүн орхин гарчээ.

Украины засгийн газар галт тэргээр нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн ба энэ хооронд хотоос гарах шалган нэвтрүүлэх боомтуудад ачаалал нэмэгдэж, автомашины урт дараалал үүссэн байна.

Мягмар гарагт Херсоны төрөх эмнэлэг цохилтод өртсөнөөр хүмүүсийн дунд айдас улам бүр нэмэгджээ.

Дөнгөж өнгөрсөн сард Оросын цэргүүд Херсоноос ухарч, оршин суугчид нь баярлан хөөрч байв.

Түрэмгийлэгч хүчин цэрэг, зэр зэвсгээ Днепр мөрний зүүн эрэг рүү шилжүүлж, усан зам нь Украины өмнөд хэсгийн де-факто фронтын шугам болсон бөгөөд одоо Оросын хүчин тэндээс Херсон руу цохилт өгч байгаа аж.

Зул сарын баярын өмнөх өдөр Оросын цохилтын улмаас хотод арван нэгэн хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Киевийн мэдээлснээр тухайн өдөр Орос Херсонд 41 удаа миномётоор цохилт өгсөн байна.

Оросын хүчин Херсонд миномётоос гадна гал түймэр гаргах зориулалттай сум ашиглаж байгааг гэрчүүд хэлжээ.

“Намайг хамгийн их уурлуулж байгаа зүйл бол Орос байшин, орон сууцны хороолол, уурын зуух гээд иргэний дэд бүтцэд тогтмол цохилт үзүүлж байгаа явдал юм. Эдгээр халдлагын цаад логикийг ойлгох боломжгүй” гэж хотын оршин суугч Дмитро “BBC”-д ярьсан байна.

Херсон хотод олон мянган энгийн иргэд амьдарсаар байгаа ч бүс нутгийн засаг захиргаа энэ долоо хоногт хоёр ч удаа оршин суугчдыг хотоос явахыг уриалжээ.

Эх сурвалж: BBC

1 сэтгэгдэл

  1. Нэргүйбат

    2022-12-29

    Украйнчууд өөрсдөө Донецк, Луханск хотуудад олон мянган гэм зэмгүй энгийн орос иргэдийг хэрцгийгээр тамлаж алж байсан. Бүр жирэмсэн эхийг зодож тамлаж дараа нь дүүжилж хороож байсан аймаар садист яргачин улсууд л даа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet