ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путинийг шүүмжлэгч улстөрч Энэтхэгт зочид буудлын цонхоор унаж нас баржээ

Владимир Путиний Украин дахь дайныг шүүмжилж байсан Оросын улстөрч Энэтхэгт зочид буудлын цонхоор унаж нас барсан байдалтай олдсон байна.

Владимир мужийн Хууль тогтоох хурлын төлөөлөгч, Путинийг дэмжигч “Нэгдмэл Орос” намын гишүүн, хиамны үйлдвэрийн эзэн, саятан Павел Антов удахгүй болох 66 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн аялж байжээ.

Оросын Колката дахь Ерөнхий консул Алексей Идамкиний хэлснээр Антов нь бямба гарагт Одиша мужийн Раягада хотод зочид буудлын цонхоор унасан бөгөөд консулын газар мөрдөн байцаалтын явцыг ажиглаж, бүс нутгийн цагдаагийн газартай холбоотой ажиллаж байгааг мэдэгджээ.

Зургадугаар сард Антов Украины дайныг шүүмжилж, энгийн иргэдийг онилж байгааг “терроризм” хэмээн буруушааж байв.

Удалгүй тэрээр олон нийтийн сүлжээн дэх постоо устгаж, уучлалт гуйсан бөгөөд өөрийн нийтлэлээ “харамсалтай үл ойлголцол”, “техникийн алдаа” байсан гэж залруулсан.

Антов мөн ерөнхийлөгчийг болон түүний цэргийн тусгай ажиллагааны зорилгыг “чин сэтгэлээсээ” дэмждэг болохоо мэдэгдсэн байна.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын хиамны магнатыг зочид буудлын дээврээс үсэрч, цусанд хутгалдсан байдалтай олдсон гэж мэдээлжээ. Антовын хөтөч түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлэгт нас барсан байдалтай хүргэгдсэн байна.

Тэрээр найз болох 61 настай Владимир Буданов болон өөр хоёр эрийн хамт аялж байсан боловч Буданов нь өнгөрсөн пүрэв гарагт зүрхний шигдээсээр нас барсан юм.

Энэтхэгийн цагдаа нар Павел Антовыг найзынхаа үхлийн дараа сэтгэлээр унаж, амиа хорлосон байх магадлалтай гэж үзэж байгааг Оросын “SHOT” мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

2019 онд Антовын мэдүүлсэн жилийн орлого 150 сая доллар байсан бөгөөд орлогынхоо хэмжээгээр тус улсын хамгийн баян хууль тогтоогчоор нэрлэгдэж байв.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet