ДЭЛХИЙН МЭДЭЭ

Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцэгч Олимпын тамирчин Херасимениад 12 жилийн хорих ял оноожээ

Минск хотын шүүх Олимпын усан сэлэлтийн тамирчин асан Алиаксандра Херасимениа, улс төрийн зүтгэлтэн Александр Опейкин нарт Беларусийн үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулж, хориг арга хэмжээ авахыг уриалсан хэргээр тус бүрт нь 12 жилийн хорих ял оноожээ.

Төрийн мэдээллийн “БелТА” агентлаг “Эдгээр хүмүүсийг Беларусийн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, тэр дундаа Беларусь болон тус бүгд найрамдах улсын хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ (хориг) хэрэглэхийг олон нийтэд уриалсан хэрэгт гэм буруутайд тооцсон” гэж даваа гарагт мэдээлсэн байна.

Беларусь улсад улс төрийн өрсөлдөгчид, иргэний нийгэм, сэтгүүлчдийн эсрэг хэлмэгдүүлэлт өргөн тохиолддог.

Беларусь дахь АНУ-ын элчин сайдын яамны мэдээлснээр тус улсад одоогоор 1,300 гаруй хүн улс төрийн шалтгаанаар хоригдож байна.

Олимпын наадмаас гурван удаа медаль хүртэж байсан Херасимениа нь 2020 оны наймдугаар сард Александр Лукашенког улиран сонгогдсоныг эсэргүүцсэн тэмцлийн дараа Беларусь улсаас дүрвэсэн олон элит тамирчдын нэг юм.

Харин Александр Опейкин бол Лукашенкогийн дарангуйллыг эсэргүүцсэнийхээ төлөө саатуулагдаж, хэлмэгдүүлэлтэд өртсөн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой Беларусийн “Спортын эв нэгдлийн сан”-ийн тэргүүн юм.

“БелТА” агентлаг шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэхдээ тэднийг 2020 оны наймдугаар сараас 2022 оны тавдугаар сарын 20-ны хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон интернетээр Беларусийн нутаг дэвсгэрт болсон үйл явдал, 2020 оны сонгуулийн кампанит ажлын явц, үр дүнгийн талаар зориудаар худал, зохиомол мэдээлэл тараасан гэж тодорхойлжээ.

Шүүх мөн Херасимениагийн байр, машин, хадгаламж дахь 48,700 долларыг хураах шийдвэр гаргасан байна.

Лукашенко өнгөрсөн долдугаар сард шүүгдэгчийн оролцоогүйгээр шүүх хурал явуулахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурсан бөгөөд уг хуулийн дагуу шүүх яллагдагчдыг байхгүйд шүүх хурлыг зохион байгуулж, яллах дүгнэлтээ үйлджээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet