ДЭЛХИЙН МЭДЭЭ

Зул сарын баярын өмнөх өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэрийн гадаа 100 гаруй цагаачдыг буулгажээ

АНУ-д орогнол хүссэн 110-130 цагаачийг тээвэрлэж явсан автобус АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын Вашингтон дахь өргөөний гадаа зогсож, цагаачдыг тэнд буулгасан тухай тусламжийн байгууллагууд мэдэгдэв.

“SAMU First Response” тусламжийн агентлагийн гүйцэтгэх захирал Татьяна Лабордегийн хэлснээр уг ажиллагааг Техас мужийн захиргаа зохион байгуулсан байна.

Тусламжийн бүлгүүд цагаачдыг тэнд буулгах гэж байгаа талаар мэдэж байсан бөгөөд бямба гарагийн орой цагаачдыг тосож, тэдэнд дулаан хөнжил тарааж, дараа нь ойролцоох сүмд хүргэжээ.

Одоогоор Техасын захирагч Грег Эбботтын ажлын алба энэ талаар тайлбар өгөөгүй байна.

Мужийн захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Эббот нь Жо Байдены засаг захиргааны цагаачлалын зөөлөн бодлогыг эрс шүүмжилдэг нэгэн юм.

Өмнө нь Бүгд найрамдах намын өөр бусад захирагч нар мөн цагаачдыг АНУ-ын хойд хэсгийн Ардчилсан намын хяналтад байдаг хотууд руу тээвэрлэж байсан удаатай.

Энэ удаад Техас муж олон мянган цагаачдыг Вашингтон, Нью-Йорк, Чикаго руу автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

АНУ-ын өмнөд хилээр нэвтрэх цагаачдын урсгал өндөр байгаатай холбоотой үндэсний хэмжээнд маргаан өрнөж байгаа үед Техас мужийн захирагч цагаачлалын асуудалд Цагаан  ордны анхаарлыг хандуулах зорилгоор Зул сарын баярын өдрүүдэд ийм алхам хийсэн гэж үзэж байна.

Тусламжийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Вашингтонд есөн автобус цагаачдыг буулгасан байна.

“SAMU First Response”-ийн Лабордегийн хэлснээр өмнө нь Венесуэлээс олон хүн ирдэг байсан бол сүүлийн үед Эквадор, Колумбаас ирэх хүмүүсийн тоо нэмэгджээ.

Сүүлд ирсэн хүмүүсийн ихэнх нь хамаатан садан нь амьдардаг эсвэл тусламжийн байгууллагуудаас дэмжлэг авах боломжтойгоор нь Нью-Йорк болон Нью-Жерсиг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet