ДЭЛХИЙН МЭДЭЭ

Германд төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр 25 хүнийг баривчилжээ

Германд хэт барууны үзэлтэй, хуучин цэргийн алба хаагчдын 25 хүнийг парламентын ордон буюу Рейхстаг руу дайран орж, засгийн эрхийг авахаар төлөвлөж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Өөрийгөө ханхүү XIII Хенрих гэж нэрлэсэн 71 настай Герман эр төрийн эргэлт хийх төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг бүлэглэлийн толгойлогчдын нэг байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Холбооны прокуроруудын мэдээлснээр саатуулагдаад байгаа хүмүүсийн хоёрыг нь Австри, Италиас, бусдыг нь Германы 11 мужаас баривчилсан байна.

Хуйвалдаанд оролцсон хүмүүсийн дунд өмнө нь халдлага үйлдэж байсан, мөн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлээсээ болж Германы цагдаагийн газрын хяналтанд байсан хэт даврагч “Reichsbürger” буюу “Рейхийн иргэд” хөдөлгөөний гишүүд байжээ.

Тэдний дийлэнх нь 50-иас дээш насныхан бөгөөд амьдралын боломж муутай бүлгээс гаралтай гэж “Deutsche Welle” мэдээлсэн байна.

Эдгээр хүмүүс орчин үеийн Германы төрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг ба бүгд найрамдах улсыг түлхэн унагаж, оронд нь 1871 оны Германы төрийн загварыг дуурайлгасан “Хоёрдугаар Рейх” хэмээх шинэ эзэнт гүрэн байгуулахаар төлөвлөж байжээ.

Холбооны прокурорын мэдээлснээр тус бүлэглэл 2021 оны арваннэгдүгээр сараас хойш төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн байна.

Парламентын доод танхим буюу Бундестагийн хэт барууны үзэлтэй гишүүн асан хүн мөн уг хуйвалдааны нэг хэсэг байсан бөгөөд тус бүлгийн Хууль зүйн сайдаар томилогдох гэж байсан тухай олон нийтийн “ZDF” телевиз мэдээлэв.

ХБНГУ-ын дотоод тагнуулын агентлаг тус бүлэглэлийн 16,500 орчим гишүүн орон даяар байгаа бөгөөд тэдний ихэнх нь “хүчирхийллийн ноцтой үйлдэл” хийхэд бэлэн байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet