ДЭЛХИЙН МЭДЭЭ

Иран: Эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан ёс суртахууны цагдааг татан буулгахаар болжээ

Ираны ёс суртахууны цагдааг татан буулгаж байгааг тус улсын Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдэгдэв.

Ням гарагт болсон шашны хурал дээр Монтазеригээс ёс суртахууны цагдааг татан буулгаж байгаа эсэхийг асуухад тэрээр “Ёс суртахууны цагдаа шүүх засаглалтай ямар ч холбоогүй бөгөөд тэднийг байгуулсан газар нь хаасан” гэж хариулжээ.

Тус байгууллагыг шүүх биш, дотоод хэргийн яам хариуцдаг байна.

Ёс суртахууны цагдааг хаасан ч энэ нь олон арван жил мөрдөж ирсэн Исламын хуулийг өөрчилнө гэсэн үг биш юм.

Есдүгээр сард Махса Амини гэх 22 настай эмэгтэй хувцаслалтын дүрэм зөрчсөн шалтгаанаар Тегераны ёс суртахууны цагдаад саатуулагдаж, гурван хоногийн дараа амиа алдсан билээ.

Түүний үхлийн дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал Иран даяар гурав дахь сардаа үргэлжилж байна.

Аминид тохиолдсон зүйл эмх замбараагүй байдлыг өдөөхөд хүргэсэн ч тус улсын иргэд удаан хугацаанд ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал, шударга бус байдал, авлигад сэтгэл дундуур явсны эцэст тэвчээр алдсан юм.

Тиймээс ёс суртахууны цагдааг татан буулгасан ч жагсаалыг зогсоох хангалттай баталгаа болохгүй гэж жагсагчид хэлж байна.

Нэгэн жагсагч эмэгтэй “ВВС”-д “Засгийн газар хижабыг хувь хүний сонголт гэж хэлж байгаа ч энэ хангалттай биш. Энэ засгийн газар байсан цагт Иранд ирээдүй байхгүй гэдгийг хүмүүс мэднэ” гэж ярьжээ.

Өөр нэг эмэгтэй “Хувьсгал бол бидний хүсэж байгаа зүйл. Хижаб бол түүний эхлэл байсан бөгөөд бид дарангуйлагчийн үхэл, мөн дэглэмийг өөрчлөхийг хүсэж байна” гэжээ.

Иран 1979 оны Исламын хувьсгалаас хойш янз бүрийн хэлбэрийн “ёс суртахууны цагдаа”-тай байсан боловч “Гашт-е Эршад” гэж нэрлэгддэг хамгийн сүүлийн хувилбар нь Ираны Исламын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээж байв.

Эмэгтэйчүүдийг урт хувцас өмсөхийг шаардаж, шорт, урагдсан жинсэн өмд болон бусад “даруу бус” хувцас өмсөхийг хориглодог хувцаслалтын дүрмийг мөрдүүлэхийн тулд тус байгууллага 2006 оноос эргүүл хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet