ДЭЛХИЙН МЭДЭЭ

Индонез улс эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болно

1945 онд Нидерландаас тусгаар тогтнолоо зарласнаас хойш эрүүгийн хуулийг шинэчлэх асуудлаар хэлэлцэж эхэлсэн Индонезийн парламент энэ сард хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаар болжээ.

Өмнөх хуулийн төслийг 2019 онд батлахаар төлөвлөж байсан ч орон даяар олон арван мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, ялангуяа ёс суртахуун, үг хэлэх эрх чөлөөг зохицуулах тухай заалтыг иргэний эрх чөлөөг хязгаарлах оролдлого гэж үзэн, эсэргүүцэж байсан юм.

Тэгвэл тухайн үед олон хүний санааг зовоож байсан хуулийн заалтуудад бага хэмжээний өөрчлөлт оруулан энэ удаад дахин өргөн барьсан байна.

Жишээлбэл, гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг гэмт хэрэгт тооцож, нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх заалтыг шинэчилсэн найруулгад оруулжээ. Ингэхдээ зөвхөн ойрын хамааралтай хүмүүст мэдээлэх эрхийг нь өгсөн байна. Мөн гэрлэхээсээ өмнө хамтран амьдрахыг хориглох тухай заажээ.

Түүнчлэн ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудыг доромжлох, Индонезийн төрийн үзэл баримтлалд харш үзэл бодлыг илэрхийлэхийг хориглосон байна. Ерөнхийлөгчийг доромжлох гэмт хэрэгт зөвхөн ерөнхийлөгч өөрөө гомдол гаргах эрхтэй бөгөөд дээд тал нь гурван жилийн ялтай.

Мөн цаазаар авах ялтай ч 10 жил биеэ зөв авч явсан бол ялыг нь бүх насаар хорих ял болгон өөрчлөх, хүчингийн хохирогчоос бусад тохиолдолд үр хөндсөн бол гэмт хэрэг гэж үзэх, “хар шид”-тэй холбоотой хэрэгт хорих ял оноох зэрэг заалтууд хуульд үлджээ.

Уг хууль батлагдвал Индонезийн иргэд болон гадаадын иргэдэд хамаарах бөгөөд ёс суртахуунтай холбоотой заалтууд нь ялангуяа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хор хөнөөл учруулж болзошгүй гэж бизнесийн бүлгүүд эмээж байна.

Индонезийн Хууль зүйн дэд сайд Эдвард Омар Шариф Хиариеж “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Индонезийн үнэт зүйлд нийцсэн эрүүгийн хуультай болж байгаад бахархаж байна” гэж ярьсан бол “Human Rights Watch” байгууллага энэхүү хуулийн өөрчлөлтийг “Индонезийн ардчилалд асар том ухралт болно” гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet