ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дайнд 13,000 орчим украин цэрэг амь үрэгдсэн гэж Зеленскийн туслах мэдэгдэв

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 10-13 мянга орчим украин цэрэг амь үрэгдсэн болохыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк мэдэгдэв.

Зургадугаар сард Подоляк өдөрт 100-200 украин цэрэг амь насаа алдаж байна гэж мэдэгдэж байсан бол пүрэв гарагт Украины телевизийн 24-р сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр “Амиа алдсан хүмүүсийн тоог Киев нууж хаалгүйгээр мэдээлэх болно. Одоогоор Жанжин штаб болон ерөнхий командлагчийн албан ёсны тооцооллоор дайнд 10,000-аас 12,500-13,000 орчим украин цэрэг амь үрэгдсэн” гэж хэлжээ.

Уг мэдээллийг тус улсын цэргийнхэн хараахан батлаагүй байна. Мөн Подолякийн хэлсэн тоо барууны тоо баримтаас хол зөрж байгаа юм.

Өнгөрсөн сард АНУ-ын армийн генерал Марк Милли дайн эхэлснээс хойш Орос, Украины талаас тус бүр 100 мянга орчим цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгдэж байв.

Лхагва гарагт Европын комиссын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мөн дайнд 100 мянга орчим украин цэрэг шархдаж, эсвэл амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Подоляк бас амиа алдсан энгийн иргэдийн тоо “маш их” байж магадгүй гэж таамаглаж байгаагаа ярилцлагадаа дурджээ. Зургадугаар сарын дундуур амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 3,600 орчим байх магадлалтай гэж барууны хэвлэлүүд мэдээлж байсан байна.

Тэрээр мөн хоёрдугаар сарын 24-нд дайралт эхэлснээс хойш Оросын 100 мянган цэрэг амь үрэгдэж, 100-150 мянган цэрэг шархадсан, сураггүй алга болсон эсвэл тулааны талбарт буцах боломжгүй болсон гэж мэдэгджээ.

Харин “ВВС”-ийн Орос дахь салбар агентлаг нийт 9,311 орос цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлсэн бол бодит тоо 18 мянгыг давсан байж магадгүй гэж барууны шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet