ДЭЛХИЙН МЭДЭЭ

Киев Оросын талаас харвасан цэнэггүй “Х-55” пуужинг дэлгэн харууллаа

Оросын зэвсэгт хүчин Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөцийг хорогдуулах зорилгоор тэсэрч дэлбэрэх чадваргүй болгон, цөмийн цэнэгт хошууг нь салгасан далавчит пуужин ашиглаж байгааг Украины арми мэдэгдэв.

Ингэхдээ Украины баруун хэсгийн Львов, Хмельницкийн бүс нутгаас олдсон, цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай ЗХУ-д үйлдвэрлэсэн “Х-55” далавчит пуужингийн хэлтэрхийнүүдийг дэлгэн харуулсан байна.

Украины албаны хүн эдгээг пуужингуудыг “манай улсын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөцийг шавхах зорилгоор” харваж байна гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр хэлтэрхийнүүд дээр хийсэн цацраг идэвхт бодисын шинжилгээ хэвийн гарсан байна.

Сүүлийн долоо хоногт Украины эрчим хүчний дэд бүтцэд дараалан томоохон цохилт өгсний дараа Оросын пуужингийн нөөц шавхагдсан байж магадгүй гэж Украины цэргийн шинжээчид үзэж байна.

Улмаар Москва цэнэггүй пуужин ашиглахад хүрсэн ч хохирол учруулсаар байгааг албаны хүн хэлэв.

Украины цэргийн албан тушаалтан Микола Данилюкын хэлснээр пуужингуудыг Зөвлөлтийн үед, урьдчилан тогтоосон координат бүхий стратегийн байг онох зорилгоор бүтээсэн байна.

Оросын арми пуужингуудаас цөмийн цэнэгт хошууг нь салгаж, оронд нь идэвхгүй систем суурилуулсан ч пуужингийн кинетик энерги болон зарцуулагдаагүй үлдсэн түлш нь их хэмжээний хохирол учруулж байгааг Данилюк онцолжээ.

Өмнө нь Их Британи болон АНУ-ын Батлан хамгаалах яамд Оросын хүчин цэнэггүй пуужин ашиглан Украинд цохилт өгч буйг мэдээлж байсан.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet