ЭРҮҮЛ МЭНД

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар гепатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байв. Үүнээс хойш  энэ хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариу өгсөн.  Харин аудитын дүгнэлтээр гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн тооцоолол гарсан талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн. Тэгвэл бидний хийсэн тооцооллоор Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн илрүүлэг шинжилгээнд 160 орчим тэрбум төгрөг зарцуулсан байж болзошгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай зургадугаар тогтоол гэж байдаг. Энэ тогтоолд дурдсанаар элэгний В, С вирусыг илрүүлэх шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 3500  төгрөгөөр, элэгний В, С вирус эерэг илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 5000-10000 төгрөгөөр тогтоожээ. Мөн элэгний B, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг хагас автоматаар тодорхойлоход 80 мянган төгрөг, бүрэн автоматаар тодорхойлоход 120 мянган төгрөг байхаар тус тогтоолд дурджээ. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр 2017-2020 онд хэрэгжсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт нэг сая 180 мянга иргэн хамрагджээ. Үүнд хэдэн төгрөгийг зарцуулсан талаарх задаргааны мэдээллийг яамнаас өгөөгүй. Тиймээс бид өмнө нь олон нийтэд нээлттэй өгч байсан мэдээлэлд тулгуурлан хөтөлбөрийн зарцуулалттай холбоотой зарим тооцооллыг хийж үзлээ.

ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ДӨРВӨН ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатанд 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар B, С вирусын илрүүлэг шинжилгээнд  нэг сая 14 мянга гаруй хүн, баталгаажуулах шинжилгээнд 6900 хүн, B, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд нэг сая 155 мянга гаруй хүн хамрагджээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд дурдсан мөнгөн дүнгээр бид үржүүлэн тооцоолсон юм. Ингэхэд  нэг хүний илрүүлэх шинжилгээний зардал 3500  төгрөг гэвэл нэг сая 148 мянга 306 хүнийг тус шинжилгээнд хамруулахад дөрвөн тэрбум 19 сая 71 мянган төгрөгийг зарцуулжээ. Харин баталгаажуулах шинжилгээний зардал 5000-10 мянга агаад 6876 хүнийг тус шинжилгээнд хамруулсан гэвэл 34 сая 380 мянгаас 68 сая 760 мянган төгрөгийг /34380000-68760000/ зарцуулжээ.

Тус хөтөлбөрийн хамгийн сүүлийн шат болох идэвхжил тодорхойлох шинжилгээнд 80-120 мянган төгрөг зарцуулахаар дээрх тогтоолд дурджээ. Үүнийг тус шинжилгээнд хамрагдсан нэг сая 155 мянга 182 хүнээр үржүүлэн тооцолбол 92 тэрбум 414 сая 560 мянгаас 138 тэрбум 621 сая 840 мянган төгрөгийг /92414560000-138621840000/ зарцуулсан болж таарах нь. Эдгээр тооцооллыг нэгтгэн дүгнэвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 142 тэрбум 709 сая 671 мянган төгрөгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зарцуулсан гэсэн дүн гарч байна. ЭМЯ-ны мэдээлснээр тус хөтөлбөрт нэг сая 180 мянган иргэн хамрагдсан, мөн 2020 оныг дуустал хэрэгжсэн гэхээр дээрх 142 тэрбум төгрөгийн мөнгөн дүн нэмэгдэх нь тодорхой.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226 тэрбум төгрөг зарцуулна гэж Засгийн газрын 112 дугаар тогтоолын хавсралтад дурдсан мөнгөн дүнтэй бараг л дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан уу гэсэн сэжүүр гарч ирж байгаа юм. Гэхдээ “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай энэ тогтоолыг ЭМДҮЗөвлөлийн 2019 оны 18 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Энэ 18 дугаар тогтоолд нь ямар учиртай талаар шүүн үзэх гэтэл Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн “хүчинтэй эрх зүйн акт” гэсэн хэсэгт байсангүй. Үр дүн өндөр хэмээн үнэлж дахин хэрэгжүүлэхээр болсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн элэгний B, C вирусыг илрүүлэх, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээний төлбөрийн задаргаа бүхий тогтоолыг хүчингүй болгосон шалтгаан юу вэ. Мөн Эрүүл мэндийн яам яагаад дээрх зардлын задаргаа бүхий мэдээллийг өгөхгүй нууцалсан бэ гэсэн олон асуулт хариултаа нэхсээр байна.

АУДИТЫН ТАЙЛАНГААС ЗӨРСӨН САНХҮҮЖИЛТИЙН ДҮН

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон. Тус тайланд дурдсанаар ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47 тэрбум төгрөг зарцуулжээ. Тодруулбал, гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. Харин бидний тооцооллоор 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээнд 142 тэрбумыг зарцуулсан байж болзошгүй гэсэн дүн гарч байна. Үүнд эмчилгээ, эмийн хөнгөлөлтийн мөнгөн дүнг оруулаагүй юм.Тэгэхээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжих үед ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Ж.Чинбүрэнгийн мэдээлснээр тус хөтөлбөрт жил бүр 40 гаруй тэрбум нийт 160 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан  гэдэг нь үнэнд ойр тооцоолол болж таарах нь .

Хоёрдугаарт, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн тооноос өөр мэдээлэл өгөөгүй атлаа ЭМЯ энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Манай улс 2023 оны төсвөө УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан. Хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнөх хөтөлбөртөө 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч  хэрэгжилт нь зорилтот хүн амынхаа 50 хувьд ч хүрээгүй нь аудитын дүгнэлтээр ил болсон байтал дахин үргэлжлүүлэхээр болж 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсний цаад шалтгаан юу болох, хөтөлбөрийн хэрэгжилт болоод ЭМДЕГ-аас хэдий хэмжээний төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг тэд одоо хүртэл нууцалсаар байгаа нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм.

Манай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болсон юм.Энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-тай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн хариу өгдөг. Гэтэл ЭМЯ-нд бас мэдээлэл өгөх хүн байдаггүй.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, “Элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэнэ” гэж заасан. Хэрэв ЭМЯ, ЭМДЕГ тус хөтөлбөрт зарцуулсан санхүүжилт, үр дүнтэй холбоотой бодит, тодорхой мэдээллээ тайлагнахгүй бол дээр дурдсан Засгийн газрын зорилт бас нэгэн хоосон амлалт болж хувирах нь…

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

1 сэтгэгдэл

  1. junk car buyer

    2022-12-08

    I visited multiple web pages except the audio feature for audio
    songs present at this website is actually superb.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet