ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жо Байден, Эммануэль Макрон нар Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амлалаа

Пүрэв гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар уулзсан бөгөөд уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдлийн үеэр хөршийнхөө эсрэг явуулж буй “Оросын хууль бус түрэмгийллийн дайн”-ыг шүүмжиллээ.

Мөн АНУ болон Франц улс Оросын түрэмгийллийн эсрэг Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлаж, тус улсын энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдэж, иргэний дэд бүтцэд халдсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстойг онцолсон байна.

“Франц, АНУ, НАТО-ийн бүх холбоотнууд, Европын холбоо, ‘Их 7’-ын хамт Оросын Украины эсрэг явуулж буй хэрцгий дайны эсрэг урьд өмнөхөөсөө илүү хатуу зогссоор байгааг бид дахин нотолж байна” гэж Байден Макронтой хэлэлцээр хийснийхээ дараа хамтарсан мэдэгдлийн үеэр хэлэв.

Тэрээр “Франц, АНУ хоёр Владимир Путиний байлдан дагуулах амбицын эсрэг зогсож”, “ардчиллын үнэт зүйлс, түгээмэл хүний ​​эрхийг хамгаалж байна” гэж мэдэгджээ.

Мөн Байден хэрэв Путин дайныг зогсоох арга зам хайж байгаа нь үнэн бол түүнтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа хэлсэн байна. Гэхдээ Путин хараахан тийм дохио өгөөгүй болохыг Байден гэж нэмж хэлэв.

Хоёрдугаар сард Оросын удирдагч түрэмгийллийг эхлүүлснээс хойш Байден Путинтэй ярихаас зайлхсийж байсан бол Макрон Путинтэй харилцах шугамаа нээлттэй байлгасаар ирсэн.

Макроны хувьд Путинтэй үргэлжлүүлэн ярилцаж, цөмийн станцуудын аюулгүй байдал гэх мэт асуудал даамжрахаас сэргийлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ хамтарсан мэдэгдлийн үеэр хэлсэн байна.

2021 оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш Байден анх удаа Макроныг хүлээн авч уулзаж байгаа энэ юм. Хоёр удирдагч Украинд дэмжлэг үзүүлэхээ амлахын зэрэгцээ эдийн засгийн зарим хурцадмал байдлыг намжаах арга замыг эрэлхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet