ДЭЛХИЙН МЭДЭЭ

Испанийн Ерөнхий сайдын алба Украины ЭСЯ-нд тэсэрсэн тэсрэх бөмбөгтэй ижил илгээмж хүлээн авснаа мэдэгджээ

Лхагва гарагт Испанийн нийслэл Мадрид дахь Украины элчин сайдын яаманд шуудангаар ирүүлсэн илгээмжийг задлах үед дэлбэрэлт болж нэг хүн хөнгөн гэмтсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй төстэй илгээмжийг арваннэгдүгээр сарын 24-нд Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн ажлын алба, мөн лхагва гарагт Испанийн зэвсэг үйлдвэрлэгч, пүрэв гарагт тус улсын агаарын цэргийн хүчний бааз тус тус хүлээн авсныг Испанийн Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Тус яам ийм илгээмжтэй холбоотой хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул олон нийтийн болон элчин сайдын яамдуудын эргэн тойрон дахь хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

Испанийн аюулгүй байдлын алба Мадридын ойролцоох Торрежон де Ардоз дахь агаарын цэргийн баазад байрлах Европын холбооны хиймэл дагуулын төвд хаягласан дугтуйг рентген туяагаар шалгаад, дотор нь тэсрэх бөмбөг байж болзошгүй “механизм” байгааг илрүүлсэн байна.

Уг хиймэл дагуулын төв нь сансрын тагнуулын төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулах замаар ЕХ-ны гадаад болон аюулгүй байдлын нийтлэг бодлогыг дэмжих үүрэг хүлээдэг байна. Есдүгээр сард ЕХ-ны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел тус төвийг “Европын нүд” гэж тодорхойлж байв.

Мадрид дахь Украины элчин сайдын яам болон Испанийн зүүн хойд хэсэгт орших Сарагоса дахь “Instalaza” гэх зэвсэг үйлдвэрлэгчид хаягласан өөр хоёр илгээмжнээс тэсрэх бөмбөг олдсон болохыг цагдаагийн газар лхагва гарагт мэдэгдсэн.

Испаниас Украинд нийлүүлсэн “C90” пуужин харвагчийг тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авсан “Instalaza” компанид үйлдвэрлэдэг байна.

Одоогоор зөвхөн Украины ЭСЯ-ны яаманд нэг бөмбөг дэлбэрсэн бөгөөд ноцтой хохирол учраагүй.

Испанийн “El Mundo” сонин Мадрид дахь Испанийн Батлан ​​хамгаалах яам мөн тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авсан гэж мэдээлсэн ч эрх баригчид хараахан батлаагүй байна.

Терроризмын гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн Испанийн Дээд шүүх мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet