ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сан Франциско хотын цагдаагийн газар “алуурчин робот” ашиглах эрхтэй болжээ

Сан Францискогийн эрх баригч Хяналтын зөвлөл хотын цагдаагийн газарт хүн алах чадвартай робот ашиглах зөвшөөрөл олгожээ.

Одоогоор зэр зэвсгээр тоноглосон роботыг ашиглаж эхлээгүй ч ирээдүйд ийм роботыг ашиглах шаардлага гарч магадгүй гэж “SFPD” буюу Сан Франциско хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр роботыг аюултай объект руу нэвтрэх зорилгоор, мөн хүний амь насанд заналхийлж буй зэвсэглэсэн, аюултай этгээдийн эсрэг ашиглах боломжтой байна.

“Офицеруудад тохиолдож болох аливаа нөхцөл байдлыг ямар ч бодлого урьдчилан харж чадахгүй. Цагдаагийн алба үүнд бэлэн байх ёстой бөгөөд пропорциональ хариу өгөх чадвартай байх ёстой” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Роботыг зөвхөн онцгой нөхцөл байдалд хэрэглэнэ гэж уг санааг дэмжигчид үзэж байгаа бол эсэргүүцэгчид үүнийг цаашид цагдаагийн хүчийг цэрэгжүүлэх эхний алхам гэж үзэж байна.

Мягмар гарагт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр офицерууд хурцадмал байдлыг хяналтандаа авахаар оролдоод, бүтэлгүйтсэн тохиолдолд робот ашиглах боломжтой бөгөөд зөвшөөрөл олгох эрхийг зөвхөн хязгаарлагдмал тооны өндөр албан тушаалтнуудад олгоно гэж заажээ.

Энэ төрлийн роботыг АНУ-ын өөр бусад бүс нутагт аль хэдийн ашиглаж эхэлсэн.

Жишээлбэл, 2016 онд Техас мужийн Даллас хотын цагдаа нар “С-4” тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн роботыг ашиглан хоёр офицерыг хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулсан мэргэн буучийг устгасан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet