ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины хилийн ойролцоох Оросын газрын тосны агуулахад гал гарчээ

Лхагва гарагийн өглөө Беларусь болон Украинтай хиллэдэг Оросын Брянск мужийн газрын тос хадгалах саванд гал гарсан тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.

Украинтай хил залгаа оршдог Оросын бүс нутгууд түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээний цохилтод өртсөнөөс хойш нэг өдрийн дараа энэ үйл явдал болж байна.

Брянск мужийн захирагч Александр Богомаз Беларусь улсаас өмнө зүгт 10 км, Украины Чернигов мужаас хойд зүгт 40 км зайд орших Суражский дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг савнууд шатаж байгааг олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

Мөн гал 4,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан болохыг төрийн мэдлийн “Тасс” агентлаг онцгой байдлын албанаас эш татан мэдээлсэн байна.

Галыг гурван цагийн дараа хяналтандаа авсан бөгөөд хүний амь эрсдээгүй. Харин Украины Сумы мужаас зүүн тийш 10 км-ийн зайд орших Брянск мужийн Суземка тосгоны цахилгааны сүлжээ гэмтсэн болохыг Богомаз мэдэгдэв.

Гал түймэр нь нисгэгчгүй онгоцноос хаясан үл мэдэгдэх сумнаас болсон байж болзошгүй гэж Кремлийг дэмжигч “Известия” сонин нэрээ нууцалсан онцгой байдлын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Брянскаас гадна хилийн ойролцоох Курск, Белгород хотод лхагва гарагт халдлага болсныг мужийн захирагч нар нь мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Курск, Белгород мужийн нутаг дэвсгэрт мөн гурван удаа халдлага болсон бөгөөд халдлагын улмаас цахилгаан түгээх байгууламж, дор хаяж нэг хийн хоолойд гэмтэл учирчээ.

Киев Оросын нутаг дэвсгэрт болсон халдлагын хариуцлагыг хүлээгээгүй, мөн няцаагаагүй байна.

Эх сурвалж: The Moscow Times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet