ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Орос улс Энэтхэгээс 500 гаруй нэр төрлийн түүхий эд, сэлбэг хэрэгсэл хүсжээ

Барууны хориг арга хэмжээний улмаас амин чухал үйлдвэрүүдийнх нь чадамж буурсан Орос улс автомашин, нисэх онгоц, галт тэрэгний сэлбэг хэрэгсэл зэрэг 500 гаруй бүтээгдэхүүний жагсаалтыг Энэтхэгт хүргүүлсэн тухай энэ талаар сайн мэддэг дөрвөн эх сурвалж мэдэгджээ.

Уг жагсаалтад сэлбэг хэрэгслийг ямар хэмжээгээр авах хүсэлтэй байгаагаа дурдаагүй байна.

Москва дахь эх сурвалжийн мэдэгдсэнээр Оросын Аж үйлдвэр, худалдааны яам томоохон компаниудыг шаардлагатай байгаа түүхий эд, тоног төхөөрөмжийн жагсаалтыг урьдчилсан байдлаар гаргахыг хүссэн бөгөөд уг жагсаалтыг хүргүүлэх газар нь Энэтхэгээр хязгаарлагдахгүй гэв.

Арваннэгдүгээр сарын 7-нд болсон Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын Москва дахь айлчлалаас хэдэн долоо хоногийн өмнө Оросын тал жагсаалтыг хүргүүлжээ. Харин айлчлалын үеэр Энэтхэгийн тал Оростой тохиролцоонд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.

Бараг 14 хуудас бүхий Оросын бараа бүтээгдэхүүний жагсаалтад поршень, тосны шахуурга, гал асаах ороомог зэрэг машины хөдөлгүүрийн эд анги багтсан байна. Нисэх онгоц, нисдэг тэрэгний хувьд буух төхөөрөмжийн эд анги, түлшний систем, холбооны систем, гал унтраах систем, аврах хантааз, онгоцны дугуй зэрэг зүйлс хүсжээ.

Мөн цаас, цаасан уут, хэрэглээний сав баглаа боодол үйлдвэрлэх түүхий эд, нэхмэл эдлэл үйлдвэрлэх утас, будагч бодис зэрэг материал. Түүнчлэн төмөрлөг боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материал, технологи зэрэг 200 орчим зүйлийг хүссэн байна.

Эх сурвалжийн хэлснээр Энэтхэг улс Оростой хийх худалдаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бөгөөд ирэх саруудад Оросын хүсэлтийн дагуу экспортоо 10 орчим тэрбум долларт хүргэнэ гэж найдаж байгаа аж.

Гэвч зарим компаниуд барууны хориг арга хэмжээг зөрчихөөс болгоомжилж, Орос руу экспорт хийхээс татгалзаж байгааг эх сурвалж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet