COVID-19

Хятадын телевизүүд маск зүүгээгүй ДАШТ-ийн хөгжөөн дэмжигчдийг харуулахаас зайлсхийж байна

Хятадад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор тус улсын телевизүүд ДАШТ-ийг сурвалжлахдаа маск зүүгээгүй хөгжөөн дэмжигчдийг харуулахаас зайлсхийж байна.

Энэ нь хатуу хөл хориог эсэргүүцсэн жагсаал Хятадад өрнөж байх үед дэлхий дахин ковидын хязгаарлалтаас амьдралын энгийн хэв маяг руу шилжиж байгааг ард түмэндээ харуулахаас болгоомжилж буй хэрэг аж.

Томоохон тэмцээнүүдийн шууд дамжуулалтын үеэр камерын өнцгийг өөрсдөө сонгох, эсвэл дүрсийг засварлах боломж олгохын тулд хугацаа өгөх зэрэг нь ердийн зүйл биш боловч Хятадын төрийн мэдлийн “CCTV 5” телевизийн спортын сувгийн шууд дамжуулалт ойролцоогоор 52 секундээр саатаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөгжөөн дэмжигчдийн ойроос авсан дүрсийг өөр бусад дүрсээр сольж, нэвтрүүлж байгааг “BBC” агентлаг тогтоожээ.

Цэнгэлдэх хүрээлэнд баяраа тэмдэглэж буй маск зүүгээгүй хөгжөөн дэмжигчдийн дүр төрх гэнэтийн хөл хорио, хатуу хязгаарлалтад туйлдсан Хятадын ард түмний дунд маргаан дагуулсны дараа телевизийн удирдлагууд шууд дамжуулалтын зарим дүрсийг өөрчлөхөөр шийдсэн бололтой.

Хятадад хэрэгжүүлж буй “тэг ковид” бодлогыг ДАШТ зохин байгуулагдаж буй Катарын нөхцөл байдалтай харьцуулж, шүүмжилсэн нийтлэл өнгөрсөн долоо хоногт устгагдахаасаа өмнө “Wechat” дээр олон сая хүнд хүрсэн байна.

Мөн “Weibo” платформын нэг хэрэглэгч “Дэлхийн нэг талд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, нөгөө талд тав хоногийн турш олон нийтийн газраар зорчихгүй байх дүрэм үйлчилж байна” гэж бичсэн нь олон хүнд хүрсэн ч устгагдсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet