COVID-19

Хятад: Ковидын хөл хориог эсэргүүцсэн жагсаал томоохон хотуудад тархжээ

Хятадын баруун хязгаарт гарсан гал түймрийн дараа эхэлсэн ковидын хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж, хэд хэдэн томоохон хотод тархсан бөгөөд ням гарагийн орой Шанхайд олон зуун жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Шинжаан бүсийн төв Өрөмч хотын нэгэн өндөр барилгад гал гарсны улмаас 10 хүн ​​амиа алдсан бөгөөд уг үйл явдлын дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараа хүмүүс хөл хориог буруутгаж, эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.

Тус хотын албаны хүмүүс бямба гарагийн өглөө гэнэтийн хэвлэлийн бага хурал хийж, ковидын арга хэмжээ аврах, гал унтраах ажилд саад болоогүйг мэдэгджээ. Тус хотын дөрвөн сая оршин суугчдын ихэнх нь тус улсын хамгийн урт хөл хорионы дэглэмд өртсөн ба оршин суугчдыг 100 өдрийн хугацаанд гэрээсээ гарахыг хориглосон байгаа аж.

Гэсэн ч Өрөмчийн оршин суугчид баасан гарагийн орой гудамжинд гарч, хоригийг цуцлахыг шаардсан байна.

Орон сууцны галд амь үрэгдсэн хүмүүст зориулсан арга хэмжээ мөн Шанхайд хотод болсон нь бямба гарагт ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болон хувирч, хүмүүс хөл хориог цуцлахыг уриалжээ.

Уриа лоозон, цагаан цаас барьсан жагсагчид “Ши Жиньпин огцор” гэж шаардаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

Ням гарагт Шанхайд хотын цагдаа нар жагсагчдын эсрэг ажиллагаа явуулж, олон хүнийг баривчилжээ.

Энэ үеэр, Ухань, Ченду, Ланжоу хот, мөн Хятад даяар олон их сургуулийн хотхонд оюутнууд тайван жагсаал хийсэн байна. Мөн даваа гарагийн үүрээр Бээжинд нийтдээ 1,000 гаруй хүн гуравдугаар тойрог замын дагуу Лянма голын ойролцоо жагсжээ.

Ши Жиньпин арван жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш эх газрын Хятадад тус улсын удирдагчдыг эсэргүүцсэн ийм хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж байгаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet