АЙЛЧЛАЛ

Цар тахлын дараа жуулчдын хамгийн их аялсан орнуудыг нэрлэжээ

Аялагчид ирэх онд зорин очих газруудаа төлөвлөх цаг ойртож буйтай холбогдуулан 2022 онд жуулчдын хамгийн их аялсан орнуудыг нэрлэжээ.

Нислэгийн тийзийн мэдээллийг судалдаг “ForwardKeys” компани жил тутмын тайландаа улс орнуудыг “COVID-19” цар тахлын улмаас 2020, 2021 онд огцом буурсан аялал жуулчлалын үзүүлэлтээр нь жагсаасан байна. Жагсаалтын эхний 20 байрт орсон орнуудын дийлэнх нь Төв Америк, Карибын тэнгисийн орнууд байжээ.

“ForwardKeys”-ийн мэдээлснээр, эдгээр бүсийн аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай олон улс орон “COVID-19”-тэй холбоотой зорчих хөдөлгөөний харьцангуй зөөлөн хязгаарлалтыг тогтоож, цар тахлын үед ч жуулчдын урсгалыг тогтвортой байлгаж чадсаныг энэхүү статистик харуулсан байна.

Ийнхүү 2022 онд хамгийн их жуулчин аялсан орноор Доминиканы Бүгд Найрамдах Улс шалгарчээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд тус улс 2019 оны мөн үеийнхээсээ 5 хувиар илүү жуулчин хүлээн авсан байна. Ингэснээр Карибын тэнгисийн орнуудаас хамгийн олон жуулчин хүлээн авсан орон болсныг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлэл харуулжээ.

Доминикан улс нь жилийн аль ч үед очиж тоглох боломжтой гольфын талбайгаараа алдартайгаас гадна Карибын тэнгисийн эргийн хамгийн тансаг зэрэглэлийн амралтын газрууд Пунта-Кана, Ла-Романа хотуудад нь байдаг. Тус улсын араас Турк, Коста-Рика, Мексик, Ямайка, Пакистан, Бангладеш, Грек, Египет, Португал эхний 10-т жагсжээ.

Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Турк улсын хувьд энэ онд 2019 оныхтой харьцуулахад 66 хувиар илүү жуулчин хүлээн авсан байна. Гэхдээ “ForwardKeys”-ийн тайланд дурдсанаар, 2022 онд тус улсын аялал жуулчлалын үзүүлэлтүүд 2019 оныхтой ойролцоо түвшинд байжээ.

Харин Коста-Рика жагсаалтын гуравдугаарт орсон бөгөөд серфингийн спортоор хичээллэх гайхалтай боломжийг олгодгийн сацуу галт уул, биологийн төрөл зүйлээрээ алдартай. Мөн тус улс нь тайван амрах нөхцөлийг бүрдүүлдэг, тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг гэдгээтэй нэртэй байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet