УЛС ТӨР

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан Сөүл хотноо болов

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав.  
Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн даргаД.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, байгууллагын албаны төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэйг тэмдэглэж, ээлжит VI хуралдаанаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх,Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар тодорхой санал солилцов.
Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах талаар ярилцав. Солонгосын тал Монгол Улсад хэрэгжүүлж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, явцыг эрчимжүүлэх хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх хоёр талын уулзалтыг тогтмол зохион байгуулахыг санал болгов.
Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэйг талууд тэмдэглэж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх талаар санал нэгдэв.

Хуралдааны үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх,Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэх, Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн дараагийн шатанд Алтанбулагийн тээвэр, логистикийн төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж,“Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.  

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээрболов. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Бизнес Форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулан бизнес, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаар болов.
         Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлаж, ирэх он жилд гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан олон улсын жишиг стандартад нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх,хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.  Солонгосын тал Монгол Улсыг БНСУ-д сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд Сөүл хотноо байгуулагдсан Монголын Аялал жуулчлалын төв чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.

Мөн энэ хүрээнд хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, Улаанбаатар-Инчоны чиглэлд “Аэромонголиа” ХХК-д зорчигч тээврийн хуваарьт нислэг үйлдэж эхлүүлэхээр тохиролцож,карго тээврийг эрчимжүүлэхээр тогтов.
Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд талууд онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Хуралдааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Солонгосын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Сун Хёг Сан нартай тус тус уулзаж, БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц байдлыг дүгнэж, цаашид хүний нөөцийг чадавхжуулах, Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Түүнчлэн, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet