ДЭЛХИЙН МЭДЭЭ

Forbes Ukraine: Орос улс Украины дайнд 82 тэрбум доллар зарцуулаад байна

“Forbes Ukraine” сэтгүүлийн тооцоолсноор Орос улс есөн сар үргэлжилж буй Украины дайнд 82 тэрбум доллар зарцуулсан байна.

“Forbes”-ийн мэдээлснээр үүнд цэргийн ажиллагааг дэмжихэд шаардагдах шууд зардлыг багтаасан ч батлан хамгаалахын тогтвортой урсгал зардал, эдийн засагт учирсан хохирлыг оруулаагүй байна.

2021 онд Оросын төсвийн бүх орлого 340 тэрбум байсан ба тус улс цэргийн “тусгай” ажиллагаанд 82 тэрбум долларыг зарцуулсан гэж үзвэл энэ нь өнгөрсөн жилийн төсвийн орлогын дөрөвний нэгтэй тэнцүү дүн юм.

Өнгөрсөн хавар Орос улс газрын тос, байгалийн хийн төлбөрөөс өдөрт ойролцоогоор нэг тэрбум долларын орлого олдог байсан гэж үзвэл энэ хэмжээний зардал хүлээн зөвшөөрөгдөх боломжтой ч одоо байдал өөр болсон.

“Хойд урсгал” дамжуулах хоолойгоор Европ руу нийлүүлдэг хийн урсгалаа зогссоны дараа тус улсын газрын тос, байгалийн хийн экспортоос олох төсвийн орлого буурсан. Мөн Оросын нефтийн эсрэг хориг арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сард эхлэх төлөвтэй байна.

“Forbes”-ын тооцоолсноор энэ намар Оросын дайны зардал хоёр дахин нэмэгдсэн бөгөөд одоо дайнд сард дор хаяж 10 тэрбум доллар зарцуулж байна.

Хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд Оросын арми шинээр 300 мянган гэрээт цэрэг элсүүлсэн бөгөөд сум, зэр зэвсэг, бусад хангамжийг оролцуулахгүйгээр зөвхөн цалинд сард 1.8 тэрбум долларын нэмэлт зардал гаргаж байгаа гэж “Forbes” тооцоолов.

Мөн амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдэд олгодог нөхөн олговрын зардал сард нэг тэрбум орчим гэж үзжээ.

Дайны үеийн армийн зардлын гол хэсэг бол зэвсэг, цэргийн хангамж юм. Оросын арми өдөрт дунджаар 10-50 мянган сум ашигладаг байсан бол “Himars” гарч ирснээр зэвсгийн агуулахуудад нь цохилт өгч, Оросын их бууны цохилтын эрч мэдэгдэхүйц буурчээ.

Өмнө нь дотоододоо үйлдвэрлэсэн сум ашигладаг байсан бол барууны хориг арга хэмжээний улмаас зэвсгийн үйлдвэрлэл нь хүнд байдалд орсон. Мөн Оросын тал дайны есөн сарын хугацаанд нийт 20.8 долларын үнэ бүхий танк, онгоц зэрэг техникээ алджээ.

“Forbes”-ын үзэж байгаагаар Кремль ирэх жил Украины дайнд илүү ихийг зарцуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet