ДЭЛХИЙН МЭДЭЭ

Агаараас нүүрстөрөгчийг шүүж, дахин түлш гаргаж авах технологийг Японд туршиж байна

Казүми Мураки 15 настай байхдаа агаар мандлаас нүүрстөрөгчийг шүүдэг жижиг, зөөврийн төхөөрөмж бүтээж байжээ. Долоон жилийн дараа тэрээр төхөөрөмжөөр цуглуулсан нүүрстөрөгчийг хэрхэн түлш болгон хувиргах талаар судалгаа хийж байна.

Мураки 10 настай байхдаа Стивен Хокинг болон түүний охин Люси нарын бичсэн “Орчлон ертөнцөд нэвтрэх Жоржийн нууц түлхүүр” хүүхдийн романыг уншсанаар Ангараг гаригт дурлаж, тэнд очихыг амьдралынхаа зорилгыг болгожээ.

Тэр цагаас хойш Мураки улаан гариг дээр амьдрахын тулд юу хийх хэрэгтэйг судалж эхэлсэн бөгөөд Ангарагийн агаар мандлын 95 хувь нь нүүрстөрөгчийн давхар ислээс бүрддэгийг олж мэдсэн байна.

Тэрээр Ангараг дээр амьдрахын тулд нүүрстөрөгчийн давхар ислээс ангижрах ёстойг ойлгож, судалгаа хийх явцдаа энэ нь мөн дэлхийд ашигтай байж болохыг мэдсэн байна.

Улмаар 2015 онд Мураки гар тээшний хэмжээтэй “Hiyassy” хэмээх хиймэл оюун ухаантай нүүрстөрөгч ялгах төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь гэр болон албан тасалгааны хэрэгцээнд зориулагдсан тул дэлхийн дулаарлыг зогсооход хүн бүр хувь нэмрээ оруулж чадна гэсэн үг юм. “Hiyassy” нь агаарыг өөртөө сорж, буцааж гаргахдаа шүлтлэг уусмалаар шүүх байдлаар ажилладаг байна.

Мураки нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас шүүх нь уур амьсгалын хямралыг зогсоох нэг арга гэж үзэж байна.

Тэрээр одоо судалгааныхаа дараагийн шатыг эхлүүлсэн бөгөөд Токиод төвтэй түүний “Нүүрстөрөгчийг нөхөн сэргээх судалгааны агентлаг” дээрх аргаар цуглуулсан нүүрстөрөгчийг дахин боловсруулж, түлш гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Муракигийн хэлснээр судалгааны ажил нь ирэх жил эсвэл ойрын хугацаанд дуусна гэв.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet