ДЭЛХИЙН МЭДЭЭ

Төрийн байгууллагуудад Хятадад үйлдвэрлэсэн камер ашиглахыг Их Британийн засгийн газар хоригложээ

Аюулгүй байдлын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төрийн байгууллагуудад Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камер суурилуулахыг Их Британийн засгийн газар хоригложээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Оливер Дауден мэдэгдэлдээ “Засгийн газрын өмчид ажиглалтын систем суурилуулахтай холбоотой аюулгүй байдлын өнөөгийн болон ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг хянаж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.

Мэдэгдэлд дурдсанаар “Их Британид заналхийлж буй аюул болон эдгээр системийн чадавх нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлт хяналт шаардлагатай гэж дүгнэсэн” байна.

Хязгаарлалт нь зөвхөн Хятадын аюулгүй байдлын хуульд захирагддаг компаниудын хяналтын камерт хамаарах бөгөөд Их Британийн засгийн газар эдгээр төхөөрөмжийг компьютерын үндсэн сүлжээнээс салгаж, бүрэн устгах зааварчилгааг салбар агентлагуудадаа хүргүүлжээ.

Тус улсын олон арван хууль тогтоогч аюулгүй байдал болон хүний ​​эрхийн зөрчлийг харгалзан Хятадын төрийн өмчийн оролцоотой “Hikvision”, “Dahua” компанийн хяналтын камерт хориг тавихыг хэдэн сарын өмнөөс шаардаж ирсэн.

“Hikvision” дээрх хардлагыг үгүйсгэсэн бөгөөд шийдвэртэй холбоотойгоор Британийн эрх баригчидтай хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байна.

“Hikvision’ нь эцсийн хэрэглэгчээс гуравдагч этгээдэд өгөгдөл дамжуулдаггүй, бид эцсийн хэрэглэгчийн өгөгдлийн санг удирддаггүй, мөн Их Британид өгөгдөл хадгалах үүлэн технологийн үйлчилгээ үзүүлдэггүй” гэж компанийн төлөөлөгч хэлэв.

АНУ мөн ижил шалтгаанаар “Hikvision”, “Dahua” болон Хятадын бусад компаниудын хяналтын камерын ашиглалтад хязгаарлалт тогтоогоод байгаа.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet