ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос дахь “Renault”-ын үйлдвэрт Зөвлөлтийн үеийн “Москвич” автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ

Украины түрэмгийллийн дараа үйл ажиллагаагаа зогсоож, улмаар Оросын засгийн газрын мэдэлд шилжсэн Францын автомашин үйлдвэрлэгч “Renault”-ын үйлдвэрлэлийг дахин сэргээжээ.

Ачааны машин үйлдвэрлэгч “Камаз” эхний машинууд ирэх сард худалдаанд гарна гэж мэдэгдсэн байна.

Мөн Зөвлөлтийн үеийн “Москвич” брэндийн загварыг шинэчлэн дахин үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

Украин дахь түрэмгийллийг эсэргүүцэж “McDonald’s”, “Starbucks” зэрэг олон компани Оросын зах зээлийг орхисон, мөн барууны орнууд цэргийн ажиллагаа явуулсных нь төлөө Москвагийн эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ тогтоосон нь гадаадаас автомашины эд ангиуд татан авахад хэцүү болгожээ.

Гэхдээ өнгөрсөн долдугаар сард тус үйлдвэртэй технологийн түншлэлийн гэрээ байгуулсан “Камаз” компани болон Оросын засгийн газар Хятадын автомашин үйлдвэрлэгч “JAC” компанитай хамтран ажиллаж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдсэн байна.

“Камаз” цаашид дотоодын ханган нийлүүлэгчдийн баазыг бий болгоно гэж найдаж байгаа ч үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал хэвээр байх төлөвтэй байна.

“Камаз” энэ оны эцэс гэхэд 600 орчим машин үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн бол 2024 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 100,000 автомашинд хүргэж, ирээдүйд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэнэ гэж найдаж байгаа аж.

Гэхдээ энэ нь ердийн автомашины үйлдвэрээс хамаагүй бага үзүүлэлт хэвээр байна.

“Москвагийн уугуул” гэсэн утгатай “Москвич” машиныг анх ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд Орос болон коммунист Зүүн Германд үйлдвэрлэсэн эд анги бүхий бат бөх, хямд суудлын машин байхаар зохион бүтээжээ. Хожим нь ЗХУ задран унасны дараа уг машиныг үйлдвэрлэдэг компани хувьчлагдаж, улмаар дампуурлаа зарласан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet