COVID-19

Хятад дахь “iPhone”-ийн үйлдвэрийн ажилчид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нартай мөргөлджээ

Хятадын Жэнжоу хотод байрладаг дэлхийн хамгийн том “iPhone” гар утасны “Foxconn” үйлдвэрт эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Үйлдвэрийн олон зуун ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, зарим нь хамгаалалтын хувцас өмссөн хүмүүс болон цагдаа нартай мөргөлдөж буй бичлэг цахимд тавигдсан байна.

Хүмүүс “Бидний эрхийг хамгаал! Бидний эрхийг хамгаалаач!” гэж хашхирах бөгөөд зарим нь хяналтын камер болон цонхнуудыг модоор эвдэж байгаа нь бичигджээ.

Өнгөрсөн сарын сүүлээр тус үйлдвэрт ковидын тохиолдол нэмэгдсэн бөгөөд хөл хорионоос зайлсхийхийн тулд ажилчид нь үйлдвэрийн байрнаас зугтаж буйг хэвлэлүүд мэдээлж байв.

Хэрэг явдлын дараа “Foxconn” үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэх зорилгоор өндөр цалин урамшуулал амлаж, 100 мянга орчим хүнийг шинээр ажилд авсан байна.

Гэвч компани анх амласан урамшууллаа өгөөгүй төдийгүй хоол хүнсний хангамж муу байгаа талаар ажилчид нь хэлж байна.

Саяхан Жэнжоугийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн нэг ажилтны хэлснээр эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд лхагва гарагийн өглөө олон тооны цагдаа нарыг үйлдвэрт байршуулжээ.

“Apple”-ийн үндсэн туслан гүйцэтгэгч “Foxconn” энэ асуудлаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Тус компани өнгөрсөн сард болсон ажил хаялтын дараа үйл ажиллагаагаа дахин сэргээснээс хойш гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байдалтайгаар үйлдвэрлэлээ явуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet