ДЭЛХИЙН МЭДЭЭ

Туркийн баруун хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Лхагва гарагийн эхээр Туркийн баруун хэсэгт, тус улсын хамгийн том хот болох Истанбулаас зүүн тийш 210 км-ийн зайд орших Дюзче хотын ойролцоо 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус улсын Онцгой байдлын газар (AFAD) албан ёсны цахим хуудсаараа газар хөдлөлт үүрийн 4:08 цагт болсон бөгөөд голомт нь Дюзче хотын Гөляка дүүрэгт байсныг мэдэгдсэн байна.

Газар хөдлөлт нь Истанбул болон нийслэл Анкара хотод хүчтэй мэдрэгджээ. Одоогоор барилга байгууламжид ноцтой хохирол учирсан, эсвэл хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна.

АНУ-ын Геологийн алба газар хөдлөлт хоёр км-ийн гүнд болсон гэж мэдээлсэн бол өөр бусад хүрээлэнгүүд 10 км-ийн гүнд газар хөдлөлт болсон гэж мэдээлж байна.

Мөн газар хөдлөлтийн дараа 3.9 магнитудын хүчтэй чичиргээ бүртгэгдсэн болохыг Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлжээ.

1999 оны наймдугаар сард Дюзче хотоос 100 км-ийн зайд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 17,000 гаруй хүн амиа алдаж байсан ба хотын ойролцоо болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтөд тооцогддог байна. Мөн 1944, 1970 онд хүчтэй газар хөдлөлт болж, нийтдээ 5,000 гаруй оршин суугч амь үрэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet