ДЭЛХИЙН МЭДЭЭ

Индонез: Амиа алдагсдын тоо 162, бэртэж гэмтсэн хүний тоо 320-ыг давжээ

Даваа гарагт Индонезийн гол арал болох Ява аралд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 162-д хүрснийг мужийн захирагч Ридван Камил мэдэгдлээ.

Түүний хэлснээр газар хөдлөлтийн улмаас 326 орчим хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь нурангид дарагдсаны улмаас яс нь хугарсан байна.

Тэрээр олон хүн алслагдмал газруудад аврагчдыг хүлээсээр байгааг хэлээд, бэртэж гэмтсэн, нас барсан хүний тоо цаашид нэмэгдэнэ гэж таамаглаж байгаагаа мэдэгдэв.

Газар хөдлөлт болсон газар нь хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалт ихтэй, чанаргүй баригдсан барилга олонтой газар бөгөөд аврагчид нурсан барилгуудын дор дарагдсан хүмүүсийг аврахаар шөнөжин ажилласан байна.

Баруун Ява мужийн захирагчийн хэлснээр гамшгийн улмаас 13,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 2,200 гаруй байшин эвдэрчээ.

Газар хөдлөлтийн дараа эмнэлгийн байгууллагууд олон цагийн турш цахилгаангүй байсан тул олон хүнийг эмнэлгийн гадаа машины зогсоолд хүлээн авч, эмчилгээ хийхээс өөр аргагүйд хүрсэн гэж мужийн захирагч мэдэгдэв.

Даваа гарагийн орой Камил “Twitter” хуудсандаа тус бүсэд эрчим хүчийг бүрэн сэргээхэд гурав хүртэл хоног шаардлагатай гэж бичжээ. Мөн гар утасны сүлжээ муу хэвээр байгаа бөгөөд энэ нь гамшгийн дараах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet