ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн эмийг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрчээ

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчний хүндрэлийг удаашруулдаг нь батлагдсан дархлаа эмчилгээний эмийг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрчээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр “теплизумаб” нь эмчилгээний шинэ эрин үе бөгөөд өвчний шинж тэмдэг бус үндсэн шалтгаанд чиглэсэн анхны эм аж.

“Теплизумаб” нь дархлааны системийг дахин програмчилж, инсулин үүсгэдэг нойр булчирхайн эсүүд рүү андуурч дайрахыг нь зогсоодог байна.

Дэлхий даяар 8.7 сая орчим хүн нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй гэж тооцоолдог. АНУ-д уг эмчилгээг хэрэглэхийг зөвшөөрснөөр бусад улс орнуудын шийдвэр гаргах үйл явцыг хурдлуулахад нөлөөлж магадгүй юм.

Дархлааны систем ихэвчлэн бактери, вирустэй тэмцдэг бол нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчний үед энэ нь инсулин үүсгэдэг нойр булчирхайн гол эсүүд рүү халддаг.

Инсулин нь сахарыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоогоор цусан дахь сахарын хэмжээг тогтмол шалгаж, тарих эсвэл дусаах байдлаар инсулиныг нөхөх эмчилгээг өргөн хэрэглэдэг байна.

2019 онд хийсэн туршилтаар “теплизумаб” эм нь өвчин нь хүндрэх өндөр эрсдэлтэй зарим хүний өвчний хүндрэлийг дунджаар гурван жилээр хойшлуулдаг болохыг тогтоожээ.

Өвчний хүндрэлийг удаашруулах нь олон талын ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ялангуяа өдөр бүр инсулин уух эсвэл сахарын хэмжээгээ хянах шаардлагагүй залуу хүмүүст ихээхэн ач холбогдолтойгоос гадна илүү удаан хугацаанд цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн түвшинд барьж, бөөр, нүд зэрэг хүндрэлээс илүү удаан хугацаанд ангид байх боломжтой аж.

Мэргэжилтнүүд цаашид эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet