ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрснээс хойш ердөө 11 жилийн дараа найман тэрбумд хүрлээ

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрснээс хойш ердөө 11 жилийн дараа найман тэрбумд хүрлээ.

Дэлхийн хүн амын тоог нарийн тооцоолоход хэцүү бөгөөд НҮБ хүн амын тайлангаа нэг эсвэл хоёр жилээр хоцорч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн хүн ам найман тэрбумын шугамыг давна гэдэг нь хамгийн боломжит хувилбар аж.

Өмнөх жилүүдэд НҮБ мөн тав, зургаа, долоон тэрбум дахь хүнийг тодруулж байсан.

1987 оны долдугаар сарын 11-нд Хорватад төрсөн Матей Гаспар дэлхийн таван тэрбум дахь иргэнээр тодорч байсан бол 1999 оны аравдугаар сарын 12-нд Босни-Герцеговина улсад төрсөн Аднан Мевичийг НҮБ-аас зургаан тэрбум дахь хүүхдээр нэрлэж байжээ. Үүнээс хойш 2011 онд Бангладешт төрсөн Садиа Султана Ойши дэлхийн долоон тэрбум дахь хүүхдээр сонгогдсон байна.

Дэлхийн хүн ам 20-р зууны хоёрдугаар хагаст их хэмжээгээр нэмэгдсэн ч цаашид өсөлт удааширч магадгүй гэж НҮБ тооцоолжээ. Иймд дэлхийн хүн ам 15 жилийн дараа есөн тэрбумд хүрэх боловч 2080 оноос өмнө 10 тэрбумд хүрэхгүй гэв.

Гэхдээ энэ нь зөвхөн таамаг төдий юм. Учир нь хүн ам зүйчдийн урьдчилан таамаглашгүй хүчин зүйлс маш их болдог.

Дэлхийн хүн амын төсөөллийг гаргадаг гурван үндсэн байгууллагын нэг болох “IIASA”-ийн хүн ам зүйч Самир КС хэлэхдээ “Бид ДОХ-ын нас баралт ийм хэмжээгээр буурч, эмчилгээ нь ийм олон хүнийг аварна гэж огт төсөөлөөгүй” гэж хэлэв. Мөн тэрээр хүүхдийн эндэгдэл буурч, амьд үлдсэн хүүхдүүд өөрсдөө хүүхэдтэй болж байгааг харгалзан таамгаа өөрчлөх шаардлагатай болсон тухай ярьсан байна.

Үүний хажуугаар, үргүйдэл эсвэл үр тогтоолт буурч байгаа нь дэлхийн хүн амын ирээдүйн таамагт нөлөөлж болзошгүй. Жишээлбэл, Өмнөд Солонгост нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо дунджаар 0.81 болж буурсан ба цаашид ч буурах хандлагатай байна.

Энэ үзэгдэл өөр олон оронд ажиглагдана гэж шинжээчид таамаглаж байна.

Дараагийн тэрбум хүний тал хувь нь ердөө найман улс, тодруулбал ихэнх нь Африкт төрөх боловч дэлхийн ихэнх улс орнуудад нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.1-ээс бага байна гэж хүн ам зүйчид тооцоолжээ. Энэ нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах дундаж үзүүлэлт аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet