“TikTok”-ийн Хятад дахь ажилтнууд ЕХ-ны хэрэглэгчдийн мэдээлэлд алсаас хандах боломжтой байна

“TikTok” компани Хятад дахь зарим албан тушаалтнууд нь Европын Холбоон дахь хэрэглэгчдийн мэдээлэлд хандах эрхтэй байдгийг мэдэгджээ.
Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “TikTok”-ын Европ дахь хэрэглэгчдийн нууцлалыг хариуцсан дарга Элейн Фокс “Одоогоор Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг АНУ болон Сингапурт хадгалдаг ч Бразил, Канад, Хятад, Израиль, Япон, Малайз, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, АНУ-д байрладаг корпорацын тодорхой албан тушаалтнууд хэрэглэгчийн мэдээлэлд алсаас нэвтрэх боломжтой байдаг” гэж мэдэгджээ.
Энэ бодлого нь Европын эдийн засгийн бүс, Их Британи, Швейцарьт хамаардаг байна.
Элейн Фокс хэрэглэгчийн туршлагыг “тогтвортой, тааламжтай, аюулгүй” байлгахын тулд дэлхий даяар тархан ажиллаж буй платформын ажилтнуудад энэ эрхийг олгодог болохыг онцолжээ.
Мөн тэрээр Европ дахь хэрэглэгчдийн мэдээлэлд хандах боломжтой ажилчдын тоог хязгаарлах, бүс нутгаас гадуурх мэдээллийн урсгалыг багасгах, Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг дотоододоо хадгалахад анхаарч ажилладгаа дурдсан байна.
Түүний хэлснээр аюулгүй байдлын хэд хэдэн хатуу хяналт, зөвшөөрлийн протоколууд, “GDPR” буюу Өгөгдөл хамгаалах ерөнхий журмаар хүлээн зөвшөөрөгдсөн аргуудаар хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтэрдэг байна.
Сүүлийн үед “TikTok” компани дэлхий даяарх хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг байж магадгүй гэсэн болгоомжлол барууны эрх баригчдын дунд нэмэгдээд байгаа.
Тодруулбал, энэ долоо хоногт АНУ-ын харилцаа холбооны хяналтын байгууллагын дээд албан тушаалтан Брендан Карр “TikTok”-ыг Америкт хориглохыг уриалжээ. Тэрээр хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын Коммунист Намын гарт орохгүй гэдэгт итгэх боломжгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн парламентын гишүүд нь Хятадын засгийн газарт мэдээлэл дамжуулах эрсдэлтэй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлсний дараа Их Британийн парламент наймдугаар сард “TikTok” дээрх бүртгэлээ хаасан байна.
“TikTok”-ийн эзэмшигч “ByteDance” хэрэглэгчийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг гэх хардлагыг удаа дараа няцаасаар ирсэн бөгөөд энэ асуудлаар Их Британи, ЕХ, АНУ-ын эрх баригчдад шалгагдаж байснаа онцлон тэмдэглэдэг.
“TikTok” бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй сошиал медиа платформ бөгөөд өдгөө бараг дөрвөн тэрбум удаа татагдсан байна.
“Sensor Tower” аналитик компанийн мэдээлснээр “TikTok” 2017 онд ашиглалтад орсноосоо хойш зөвхөн аппликейшн доторх худалдан авалтаас 6.2 тэрбум гаруй долларын орлого олжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах