ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японы иргэд дижиталчлалыг эсэргүүцэж байна

пон улс анх 2016 онд “Миний дугаар” нэртэй дижитал үнэмлэхний санаагаа нэвтрүүлж байв.

Гэвч олон япончууд мэдээллийг буруугаар ашиглах эсвэл хувийн мэдээллийг нь хулгайлж болзошгүй гэж санаа зовж, зарим нь “Миний дугаар”-ыг хувийн нууцыг хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзэж, дэмжихээс татгалзсан байна.

Тэгвэл Японы засгийн газар дижиталчлалын санаагаа гүйцэхийн тулд жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалтай холбогдсон, бичил чип, гэрэл зураг бүхий “Миний дугаар” нэртэй хуванцар карт авах хүсэлтээ яаралтай гаргахыг иргэдээсээ шаарджээ. Одоо ашиглагдаж байгаа гэрэл зураггүй эрүүл мэндийн даатгалын картууд 2024 оны сүүлээр хэрэглээнээс гарах аж.

Энэ шийдвэр нь шуугиан тарьж, хэдэн өдрийн дотор 100,000 гаруй хүн одоогийн эрүүл мэндийн картыг үргэлжлүүлэхийг шаардсан онлайн өргөдөлд ​​гарын үсэг зурсан байна.

Японд факсны машин өргөн хэрэглэдэг хэвээр бөгөөд олон байгууллагууд ихэнх үйлчилгээгээ ​​бэлэн мөнгөөр, биечлэн хийхийг илүүд үздэг. Зарим үйлчилгээг онлайнаар авах боломжтой ч олон газарт өөрийгөө хэн болохыг баталгаажуулахын тулд “инкан” буюу тамга дарах шаардлагатай хэвээр байгаа. Мөн цаасан маягтийг биеэр авчрах шаардлага байсаар байна.

Өөрчлөлтийг эсэргүүцэгчид одоогийн систем олон арван жилийн турш байсаар ирсэн бөгөөд тахал өвчин эмнэлгийн тогтолцоонд ачаалал өгсөөр байгаа ийм үед дижитал системд шилжих нь илүү ажиллагаа шаардана гэж үзэж байна.

Түүнчлэн сүүлийн үед мэдээлэл алдагдсантай холбоотой олон тооны хэргүүдийн улмаас иргэд мэдээлэл алдагдах эрсдэлээс болгоомжилж байгаа аж.

Зарим нь засгийн газраас өмнө нь хэрэгжүүлж байсан дижитал өөрчлөлтийн санаанууд амжилттай болоогүйг сануулж байна. Жишээлбэл, засгийн газар “Cocoa” гэх Ковид-19-ийг илрүүлэх программыг нэвтрүүлсэн ч энэ нь түгээмэл хэрэглээ болж чадаагүй төдийгүй үр дүнгүй төсөл болжээ.

Өнгөрсөн сард карт авах хүсэлтээ илгээх хугацаа дууссан ч хугацааг нь сунгасан байна. Засгийн газрын мэдээлснээр одоогоор Японы хүн амын дөнгөж тал хувь нь л “Миний дугаар” картыг авсан байна.

Даваа гарагт Ерөнхий сайд Фумио Кишида “Миний дугаар” картын талаар санаа зовж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Мөн тус улсын Дижитал харилцааны сайд Таро Коно дижиталчлалын ашиг тусын талаар хүмүүст итгүүлэхийн тулд илүү их зүйл хэрэгтэйг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet