ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонконг АНУ, ЕХ-ны хоригийг хэрэгжүүлэхээс татгалзаж, Оросын супер дарвуулт завийг хураахгүй гэдгээ мэдэгджээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон, тус улсын тэргүүн баячуудын нэг Алексей Мордашовт харьяалагддаг 521 сая долларын үнэ бүхий “Nord” дарвуулт завь өнгөрсөн долоо хоногт Оросоос хөдөлж, Хонконгод ирээд байгаа.

Энэ оны эхээр Орос Украин руу довтолсны дараа АНУ болон Европын холбоо Мордашовт хориг тавьсан боловч Хонконгийн засгийн газар эдгээр хориг арга хэмжээг дагаж мөрдөхгүй, дарвуулт завийг хураахгүй гэдгээ мэдэгджээ.

Хонконгийн тэргүүн Жон Ли “Бид НҮБ-ын хориг арга хэмжээг дагаж мөрдөх болно, энэ бол бидний тогтолцоо, энэ бол бидний хууль дээдлэх зарчим”, гэсэн ч бие даасан шүүхийн “хэт нэг талыг баримталсан” хориг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

АНУ, ЕХ болон түүний холбоотон орнууд Оросын олон зуун иргэн болон тэдний бизнест хориг арга хэмжээ авсан бол Хятад улс Оросын холбоотон хэвээр байгаа бөгөөд Москвагийн Украиныг эзлэн түрэмгийлэх шийдвэрийг буруушаахаас татгалзсаар байгаа юм.

Дарвуулт завь одоогоор Виктория боомтод байгаа ба Хонконгод хэр удах нь тодорхойгүй байна.

Дарвуулт завины эзэн Мордашов нь ган, уул уурхайн “Северсталь” компанийг эзэмшдэг. “Forbes” сэтгүүлд бичсэнээр тэрээр Украины дайн эхлэхээс өмнө 29.1 тэрбум долларын хөрөнгөтэй, Оросын хамгийн чинээлэг хүнд тооцогдож байв. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр тэрээр одоо Москвад байгаа аж.

“Nord” нь түүний эзэмшдэг хамгийн том дарвуулт завь бөгөөд энэ нь хөл бөмбөгийн талбайгаас том хэмжээтэй байна. Мордашов мөн гуравдугаар сард “Lady M” гэх дарвуулт завиа Италийн цагдаад хураалгасан.

Украины дайнтай холбоотой барууны хориг арга хэмжээний дагуу энэ онд Оросын хэд хэдэн олигархуудын завийг хураан авч, Европын боомтуудад нэвтрүүлэхийг хориглосон билээ. Улмаар Оросын тэрбумтнууд барууны хориг арга хэмжээнээс зайлсхийж, супер дарвуулт  завинуудаа Ази, Турк, Карибын тэнгисийн эргэн тойрон дахь боомтууд руу шилжүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet