ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Армагеддон”-ы цөмийн эрсдэл хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж Байден мэдэгдэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлсэн нь Хүйтэн дайны үеийн Кубын пуужингийн хямралаас хойших “Армагеддон”-ы эрсдэлийг хамгийн өндөр түвшинд авчирсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

Сүүлийн өдрүүдэд Украины арми байлдааны талбарт амжилттай урагшилж, түрэмгийлэгч хүчний хяналтанд байсан олон арван сууриныг чөлөөлөөд байгаа.

Тэгвэл эсрэгээрээ Оросын зэвсэгт хүчний бүтэлгүйтэл нь Кремлийн холбоотнуудын зүгээс хатуу шүүмжлэл дагуулаад байна. Украины Херсон мужид Оросоос томилогдсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов Оросын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгуг “офицер хүнийхээ хувьд өөрийгөө буудвал таарна” гэж мэдэгдсэн байна.

Харин Байден Орос ялагдаад ирэхээр Путин цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж хэлээд, үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, ЗХУ-ын удирдагч Никита Хрущев нарын 1962 онын Кубын цөмийн хямралаас хойших хамгийн том эрсдэл гэж нэрлэв.

Тэрээр Нью-Йорк хотноо “Кеннеди болон Кубын пуужингийн хямралаас хойш бид Армагеддоны эрсдэлтэй тулгараагүй байсан. Харин одоо бидэнд Кубын пуужингийн хямралаас хойш анх удаа цөмийн зэвсгийн шууд аюул заналхийлж байна” гэж мэдэгджээ.

“Путин тактикийн цөмийн зэвсэг, биологийн болон химийн зэвсгийг ашиглах боломжийн талаар ярихдаа хошигноогүй. Учир нь түүний арми мэдэгдэхүйц муу амжилт үзүүлээд байна” гэж Байден хэлэв.

Орос улс алсын тусгалтай стратегийн зэвсгээс илүү тактикийн цөмийн зэвсэг буюу байлдааны талбарт ашиглах боломжтой ойрын тусгалтай зэвсэг байршуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа.

Харин Байден аль ч пуужинг ялгаагүй гэж үзэж байна: “Тактикийн цөмийн зэвсгийг ашиглахад хялбар хэдий ч Армагеддон үүсэхгүй байх боломжтой гэж би бодохгүй байна.”

Путин өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэсэн бөгөөд Оросын нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд цөмийн зэвсгийг оролцуулан шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглахаа мэдэгдсэн.

Тэгвэл Зеленский Австралийн “Lowy” институтэд хэлсэн үгэндээ Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд НАТО урьдчилан сэргийлэх цохилт өгөх ёстой гэж мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг тайлбарын хариуд “урьдчилан таамаглах аргагүй, аймшигтай үр дагавартай дэлхийн дахиныг хамарсан дайн эхлүүлэхийг уриалж байна” гэж буруушаав. Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зеленскийгийн хэлсэн үг “тусгай ажиллагаа явуулах нь зөв байсныг баталж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet