БАЙГАЛЬ ОРЧИН

Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл 120 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн. Энэ хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих аяныг 2021 оноос эхлэн, нийслэлийн хэмжээнд дэд бүтэц, нэгдсэн харуул хамгаалалт, арчилгааны асуудлыг шийдсэн таван байршлыг сонгон, нутгийн захиргааны байгууллагууд болоод иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран мод тарьж эхэлсэн юм. 2022 оны хавар нийт 246 мянга гаруй модыг дээрх таван байршилд тарьсан бол намрын мод тарилтаар өмнө нь тарьсан модоо ургуулъя гэсэн уриатайгаар ажиллаж байна.

Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Намрын мод тарих арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Жаргалант тосгоны хогийн хонхор гэж нэрлэгддэг хуучин хогийн цэг орчмын 100 га талбайн “Инчон Мөрөөдлийн ой” төслийн талбайгаас эхлүүлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, БНСУ-ын Инчон хотын дарга нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус талбайг байгуулсан.

Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа, Инчон хотын Амьдрах орчны хэлтсийн дарга Ян Кьюн Мо, Ойжуулалтын нэгдлийн дарга Чой Су Рион, Иргэдийн зөвшилцөх уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Хай Жа тэргүүтэй албаныхан оролцож, 2000 мод тарив. Мөн дээрх талбайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуваарийн дагуу нийт 1000 мод тарьж байна.

Тус талбайг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар, Инчон хотын Байгаль орчны газрууд хамтран тухайн газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулаад буй. Одоогийн байдлаар дөрөв дэх жилдээ нийт 46 га талбайд 90.000 мод тариад байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet