ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жо Байден марихуаны тухай АНУ-ын бодлогыг шинэчилж, холбогдох гэмт хэргүүдэд өршөөл үзүүллээ

Пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байден марихуантай холбоотой АНУ-ын бодлогыг шинэчлэх алхмуудыг хийж, марихуан хадгалсан (эзэмшсэн) хэргээр холбооны шүүхээс ял сонссон олон мянган хүнийг өршөөх зарлиг гаргаж, хар тамхины ангиллыг хянан шалгах ажлыг эхлүүллээ.

Байден холбооны өмнө ял сонссон олон мянган хүнд цаашид ажил, орон байр, боловсрол эзэмшихэд саад бэрхшээл тулгардаг, харин түүний гүйцэтгэх ажиллагаа ийм үр дагаврыг арилгах болно гэж хэлжээ.

АНУ-ын 40 орчим муж марихуаны хэрэглээг ямар нэгэн байдлаар хуульчилсан боловч зарим муж болон холбооны түвшинд хууль бус хэвээр байна. Ангиллыг дахин өөрчлөх нь марихуаныг илүү өргөн хүрээнд хуульчлах эхний алхам болох бөгөөд Америкчуудын дийлэнх нь дэмжсэн томоохон алхам юм.

Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр марихуаны хуульд өөрчлөлт оруулах тухай амлаж байсан бол ийнхүү амлалтаа биелүүллээ. Мөн энэ шийдвэр нь 11-р сард болох завсрын сонгуулийн өмнө зүүний үзэл баримтлалтай улс төрийн гишүүдийг татах чухал шийдвэр болж байна.

“Бид марихуантай харьцаж чадаагүйгээс болж олон хүний ​​амьдрал орвонгоороо эргэсэн. Эдгээр алдаагаа засах цаг болсон” гэж Байден хэлээд, мужийн захирагчдыг шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалав.

Өршөөлийн хуульд холбооны шүүхээс ял сонссон 6,500 гаруй хүн хамрагдах боломжтой байна.

Байден өнгөт арьстнууд каннабисын хэргээр шоронд хоригдох магадлал хамаагүй өндөр байдгийг онцолсон бол дэмжигчид уг шийдвэрийг холбооны тогтолцооны тэнцвэргүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Мэдэгдлийн дараа каннабис тариалагчид болон борлуулагчдын хувьцааны ханш өсөж, “Tilray Brands” болон “Canopy Growth” компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өсжээ.

Одоогийн байдлаар марихуан нь героин, “LSD”-тэй ижил ангилалд багтаж байгаа ба фентанил, метамфетаминаас илүү өндөр ангилалд багтдаг байна.

Марихуаны ангиллыг холбооны түвшинд өөрчилбөл томоохон хөрөнгийн биржүүдэд каннабисын худалдаа эрхэлдэг бизнесүүд бүртгүүлж, гадаадын компаниуд АНУ-д бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэх юм.

Улс даяар зохицуулалт суларсан ч хууль бус наймаа, маркетинг, насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох зэрэг тодорхой дүрэм журам хэвээр үлдэх болно гэж Байден анхааруулав.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet