ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ Украинд зэвсгийн тусламж үзүүлснээр цэргийн мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэйг Орос анхаарууллаа

АНУ Украинд нэмэлт цэргийн тусламж илгээх шийдвэр гаргаснаар Орос болон барууны хооронд “цэргийн шууд мөргөлдөөн үүсэх аюулыг нэмэгдүүлж байна” гэж Москва анхаарууллаа.

Оросоос АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов “Энэ бол Москвад шууд заналхийлж байгаа үйлдэл” гэж мэдэгдээд, АНУ-ыг “мөргөлдөөнд оролцогч тал” гэж нэрлэжээ.

Мягмар гарагт АНУ Украинд дахин 625 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласантай холбогдуулан Орос дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Сүүлийн долоо хоногт Украины цэргүүд АНУ-аас илгээсэн дэвшилтэт зэвсгийн тусламжтайгаар тус улсын зүүн хойд болон өмнөд хэсэгт томоохон ахиц дэвшил гаргаад байгаа.

АНУ-ын амласан сүүлийн тусламжийн багцад дөрвөн ширхэг өндөр нарийвчлалтай “Himars” олон пуужин хөөргөгч систем багтсан бөгөөд энэ багц нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украин руу цөмрөн орсноос хойш Вашингтоны Киевт үзүүлж буй цэргийн тусламжийг 17 тэрбум орчим ам.долларт хүргэжээ.

Украины зэвсэгт хүчин АНУ-д үйлдвэрлэсэн “Himars” буюу Өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн системийг Оросын командын цэг, сумны агуулах зэргийг оноход ашиглаж байсан. Мөн үүнийг Оросын цэргийн хангамжийг таслах зорилгоор зам гүүрүүдийг сүйтгэхэд ашиглаж байв.

Цэргийн тусламжийн багцад “Himars”-аас гадна их бууны систем, сум хэрэгсэл, хуягт машин багтсан гэж мэдэгдэлд дурджээ.

Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросоос АНУ-д суугаа Элчин сайд Антонов “АНУ Киевийн дэглэмийг хүнд зэвсгээр үргэлжлүүлэн хангахаар шийдсэн нь Вашингтоны мөргөлдөөнд оролцогч тал гэсэн статусыг улам баталгаажуулж байна” гэж анхааруулав.

Түүний хэлснээр энэ нь “цус урсгасан үйл явцыг сунжруулж, илүү олон хүн хохирох болно.”

Антонов цааш нь “Бид Вашингтоныг хамгийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт тулааны талбарт томоохон ялагдал хүлээсэн Орос улс бүх арга хэрэгслээр өөрийгөө хамгаалахаа амласан бөгөөд цөмийн зэвсгийн хэрэглээг үгүйсгээгүй билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet