ЭДИЙН ЗАСАГ

ХӨГЖЛИЙГ ТҮРГЭСГЭХ-ХУРДНЫ ЗАМ

Манай улс урд, хойд хөрштэйгээ өндөр хурдны авто замаар холбогдох стратегийн өндөр ач холбогдол бүхий Мега төслийг Чингис Лэнд Девелопмент Групп амжилттай хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин, ОХУ-ын Улаан-Үдэ хот хүртэлх нийт 2648 км үргэлжлэх хурдны авто замын төслийн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замыг концессийн гэрээгээр барьж байгуулах Чингис Лэнд Девелопмент группын Бизнес Хөгжлийн газрын захирал Д.Эрдэнэбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Энэхүү төслөөс хүлээгдэж буй эдийн засгийн үр өгөөжийн талаар ярилцлагаа эхэлье.

– Хувийн хэвшил зардлаа бүрэн хариуцаад, Засгийн газраас ямар нэг санхүүжилт, баталгаа, батлан даалт ч шаардахгүйгээр хоёр урсгал зургаан эгнээ  бүхий 1000 км хурдны замыг босоо тэнхлэгийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулснаар хөрш зэргэлдээ гурван улсын худалдааны эргэлт нэмэгдээд зогсохгүй, Евроази тивийн харилцаа холбоо, худалдааны эргэлтийн асуудалд томоохон дэвшил авчирна.

Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянга гаруй ажлын байрыг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашлаад Монгол Улсын төсвийн орлогыг ч 25-30 хувь өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм. Бид төслийн ач холбогдлыг зөвхөн эдийн засгийн үүднээс биш нийгмийн томоохон асуудлуудыг шийдэх, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, байгаль экологийн тэнцвэрийг хангах зэрэг өргөн хүрээнд авч үзэж байгаа. Тухайлбал, төслийн хүрээнд олон тооны ШТС, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төв 80-100 км тутамд баригдана. Хэд хэдэн дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болж трассын дагуух аймаг, сумд эдийн засгийн үр ашигт байдлаа төслийн хүрээнд өсгөх боломжтой.

Энэ нь Улаанбаатар хотын хүн амын нягтралыг багасган, тухайн бүс нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын байруудыг нэмнэ  гэсэн үг юм. Мөн орон нутгийн оршин суугчдын уламжлалт соёл, амьдрал ахуйд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, элсний нүүдэл хаах ногоон байгууламжуудыг нэмэх, унаган байгалиа сэргээх ажлуудыг ч төслийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.

Энэхүү төслөөс бид юу хүлээж байна вэ гэдгийг системтэйгээр тоймлон хэлэхэд:

• Суурин газрын хөгжлийн хүрээнд зам дагасан дагуул хотууд бий болно.

• Аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн дэд бүтэц бий болж худалдаа эдийн засгийн хөгжлийн гол талбар нь болно.

• Бүс нутгийн аялал жуучлал хөгжинө.

• Бараа ,капитал , хөрөнгийн  эргэлт урсгал нэмэгдэнэ.

• Ложистик болон транзит ачааны хүргэлт үйлчилгээ шинэ шатанд гарна.

• Байнгын болон түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байгаа.

– Ямар эх үүсвэрээр төслийн санхүүжилтээ шийдэж байгаа вэ?

-Бид Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсаны дараа Итали, Английн зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу ТЭЗҮ болон холбогдох суурь судалгааны ажлуудаа хийж гүйцэтгээд 2018 онд “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-нд хүсэлт гарган холбогдох судалгааны материалуудаа танилцуулсан. АДБХОБанк материалыг хүлээн авч судалж үзээд санхүүжилтийг олгох боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч сүүлийн үед хүн төрөлхтөнд тулгараад байгаа цар тахал бусад хүчин зүйлсээс шалтгаалж багагүй хугацаа алдсан тал бий. Мөн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцон үзэж төрд ямар нэгэн өр, санхүүгийн дарамт учруулахгүйгээр санхүүжилтийн эх үүсвэрээ шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг зарцуулахгүй, зээл авах, ямарваа нэгэн баталгаа, батлан даалт гаргах шаардлагагүй гэсэн үг. Бодлогын дэмжлэг л чухал юм.

-Төслийн бүтээн байгуулалтын ажил хэдий хугацаанд хийгдэж дуусах вэ?

-Бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Үүний 0.5 жил буюу зургаан сарыг бэлтгэл ажлын хүрээнд хоёр жилийг зам барилгын ажил өрнөнө гэсэн тооцоолол бий.

-Мега төслийг хэрэгжүүлэх компанийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Чингис Лэнд Девелопмент компани нь 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “Азийн авто замын сүлжээний AH3 хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-т орж шалгаран Концесс эзэмшигч болсон бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн яамтай Концессын гэрээг 30 жилийн хугацаатай “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлтэйгээр байгуулсан. Энэхүү ажил нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр 1000 км үргэлжлэх олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт юм. Гэрээг байгуулснаас хойш бид төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодези, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар бид төслийн бэлтгэл ажлуудыг хангаад зогсохгүй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн шийдсэнээр бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

-Төслийн ажлын явц тийм ч дардан замаар яваагүй юм байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд  Л.Халтар “…өмнөх Концесс эзэмшигчтэй гэрээг цуцалсан, одоо энэ оны хоёрдугаар сардаа багтаад ОУ-ын тендер зарлана” гэж мэдэгдэж байжээ. Энэ тухай та тайлбар хэлэх үү?

-Тийм ээ. Улс оронд ийм хэрэгтэй төсөл маань зарим саад бэрхшээлийг даван туулж өнөөдрийг хүрлээ. Тухайлбал, Засгийн газраас  “Концессын гэрээг цуцлах тухай” 158 дугаар тогтоолыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  гаргаж байсан. Тухайн тогтоолыг үндэслэлгүй цуцалсан гэж үзээд шүүхэд гомдол гаргаж хянуулсан. Засгийн газрын тухайн тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын ШИХШХуралдаанаас 001/ХТ2016/00561 тоот тогтоолоороо  “хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Мөн 2019 оны зургадугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Концессын гэрээг цуцлах тухай ” 241-р тогтоолыг баталсан. Манайх Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас  128/3201/8552 тоот захирамжийг гаргасан. Уг захирамжийн үндэслэх нь хэсгийн гуравдугаарт…Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьект рүү чиглээгүй, харьяа байгууллагадаа чиглэл хүргүүлсэн байх тул захиргааны актад хамаарахааргүй байна. Иймд захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж захирамжилсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь Чингис Лэнд Девелопмент Групп-д хамаарахгүй, Засгийн газрын харьяа агентлаг рүү чиглэсэн бичиг гэж үзсэн. 2022 оны нэгдүгээр 19-ний мэдэгдлийн тухайд салбарын сайд асан хүн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн энэ талаар бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Хуулийн байгууллагын эцсийн шийд бидний талд гарснаар ийнхүү төслөө үргэлжлүүлэх боломжтой болсон юм.

-Төслийн явцад гарч буй өөр бусад бэрхшээл юу байна. Монгол Улсад анх удаа хувийн хэвшил мега төсөл хэрэгжүүлж байгаа жишээ танайх шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Үнэхээр улс орон бүс нутаг хамарсан том бүтээн байгуулалт шүү дээ. Энэ хэрээр гадаад, дотоод хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлж байгаа. Дээр хэлсэнчлэн цар тахлаас гадна хувийн ашиг сонирхол бүхий  улс төр, бизнесийн бохир бүлэглэл  ихээхэн хүндрэл учруулж байлаа. Гэвч манай группын зүгээс эхэлсэн ажлаа дуусгахаар илүү төвлөрч ажилласан. Учир нь монголчууд бид хийж бүтээж чаддаг тэр тусмаа томоохон бүтээн байгуулалтын ажлыг монгол хүн, монгол компани хийж хэрэгжүүлж чадна гэдгийг харуулахыг хүссэн. Монголчууд бидэнд дэд бүтэц, зам харилцаа, тээвэр логистик ямар их хэрэгтэй чухал болохыг сүүлийн хоёр жил харууллаа. Тийм учраас цаг алдалгүй энэ төслийг Засгийн газрын түвшинд ч тэр дэмжээд хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа.

-Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийн зорилго, зорилт дэвшүүлж, боомтуудаа авто зам, төмөр зам, хурдны авто замаар холбоно гэж байна. Танай төсөл энэ бодлоготой уялдах уу?

-Тийм ээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа.  Өнөөдөр Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол боомт, тээвэр ложистикийн асуудал. Үүнийг яаралтай  шийдэхгүй бол  үйлдвэрлэл, худалдаа цаашлаад эдийн засгийн хөгжил дэвшил  ярих боломжгүй юм. Нэмж хэлэхэд “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” буюу дунд болон урт хугацааны зорилтондоо Монгол Улс хүрэхэд эрх зүйн орчин маш чухал юм. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль батлагдах нь ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар дан ганц бодлого ярихаас илүү түүнийг хэрэгжүүлэх механизмыг нь давхар ярьж байгаа нь сайшаалтай. Саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан нь  олзуурхууштай зүйл болж байна. Бид мөнхийн хоёр том хөрштэй. Эд нартайгаа л хэл амаа сайн ололцож харилцан ашигтай хамтарч ажиллахыг зорих ёстой. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэлдээ “ …Талын Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян Дэлхийн Хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж хоёр улсын харилцааны хөдөлгөгч хүч болгон тодорхойлж байна”  гэсэн нь манай улсад олдож байгаа маш том  боломж юм.  Ван И сайд яагаад “Талын зам”-ыг  онцлоод байна вэ гэхээр БНХАУ-ын “Бүс ба Зам санаачлага”- ын нэг хэсэг болсон Монголын 1000 км хурдны авто замын нөлөөллийг  онцолж байгаа  хэрэг юм.  Хятад улс  дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс,  хойд талд  нь ОХУ болон Монгол Улс  гэсэн байгалийн асар их нөөцтэй хоёр улс байна. Түүгээр ч үл барам Евроазийн эдийн засгийг холбох хамгийн зөв,  дөт  гарц нь Монгол Улс байх бүрэн боломжтой гэж харж байна гэж ойлгогдож байгаа.  Иймээс  дан ганц төмөр зам, агаарын зам, орон нутгийн  авто замууд хангалтгүй бөгөөд  олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам  зайлшгүй хэрэгтэй. Чингис Лэнд Девелопмент Групп нь 2014 онд “Талын зам” төслөө боловсруулаад  “Бүс ба зам” санаачлагад бүртгүүлсэн. Энэ цагаас эхлэн  тасралтгүй судалгаа,  шинжилгээ, тооцооллуудаа хийсээр Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадсан нь манай группын төдийгүй Монгол Улсын хувьд  том ололт, амжилт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet