ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын парламентын дээд танхим Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх тухай хуулийг баталлаа

Оросын парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл мягмар гарагт болсон хурлаар Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсууд, Херсон, Запорожье мужуудыг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрч, холбогдох хуулиудыг санал нэгтэйгээр баталлаа.

Хуулийн дагуу шинэ бүрэлдэхүүн хэсгүүдийн оршин суугчдыг есдүгээр сарын 30-аас буюу бүс нутгууд Орост нэгдсэн өдрөөс эхлэн Оросын иргэн гэж хүлээн зөвшөөрсөн боловч Оросын иргэншлээс татгалзах нэг сарын хугацаа олгожээ. Мөн шинэ бүс нутгийн оршин суугчид өргөдөл гаргаж, иргэний тангараг өргөснөөр Оросын иргэншил авах боломжтой байна.

Хуульд зааснаар Донецк, Луганск нь “бүгд найрамдах улс” гэсэн статусаа хадгалах бол Херсон, Запорожье мужууд цаашид “муж” гэж нэрлэгдэх аж. Харин бүгд найрамдах улс болон бүс нутгуудын хилийг “үүсгэн байгуулагдаж эсвэл Орост нэгдсэн” өдрийнхөөр тооцно гэж заажээ.

Шилжилтийн үе нь бүс нутгууд Орост нэгдсэн өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд эдгээр газар нутгуудад амьдардаг Оросын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах, мөн боловсрол, гэрлэлтийн байдал, ажилласан хугацаа, тэтгэвэр, нийгмийн болон эмнэлгийн үйлчилгээний талаарх баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх зэрэг ажлуудыг зохион байгуулна гэж хуульд заасан байна. Харин холбооны засгийн газрын агентлагуудын салбарыг 2023 оны зургадугаар сарын нэгэн гэхэд бүс нутгуудад байгуулна гэв.

2022 оныг дуустал бүс нутгуудад Украины гривенийг ашиглах боломжтой ч 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Оросын рублийг цорын ганц мөнгөн тэмдэгт гэж хүлээн зөвшөөрөх аж.

Эх сурвалж: Tass

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet