ДЭЛХИЙН МЭДЭЭ

Илон Маск Донбасс болон Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхийг Украинд санал болгоод “Тонилж үз” гэсэн хариулт авчээ

Дэлхийн хамгийн баян хүнээр тодроод буй Илон Маск Орост эзлэгдсэн Украины дөрвөн бүс нутагт НҮБ-ын хяналтан дор санал хураалт явуулахыг санал болгосон байна.

Даваа гарагт тэрээр “Twitter”-т “Хэрэв ард түмэн хүсэхгүй байвал Орос явах болно” гэж жиргэжээ.

Түүнчлэн “Tesla Inc”-ийн гүйцэтгэх захирал Украиныг төвийг сахисан байр суурь баримтлахыг, мөн 2014 онд Москвагийн өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийг албан ёсоор Оросын газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрч, тус бүс нутгийн усан хангамжийг баталгаажуулахыг санал болгосон байна. Тэрээр “Twitter” хэрэглэгчдээс уг төлөвлөгөөндөө “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн санал өгөхийг хүсжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хариуд нь “Та @elonmusk-ийн аль хувилбарт илүү дуртай вэ?” гэж асуугаад, нэг нь Украиныг дэмждэг, нөгөө нь Оросыг дэмждэг гэсэн хоёр хариултыг хавсаргасан байна.

Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа “Эрхэм @elonmusk, хэн нэгэн таны ‘Tesla’-ийн дугуйг хулгайлахыг оролдвол түүнийг машин болон дугуйны хууль ёсны эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөхгүй биз дээ. Хэдийгээр тэд хоёулаа үүнийг дэмжсэн ч гэсэн. Зүгээр л хэллээ” гэж хариу жиргэсэн байна.

“SpaceX”-ийн гүйцэтгэх захирлаар мөн ажилладаг Маск дээрх жиргээнийхээ дараа өөр нэг санал асуулга явуулав: “Тэгвэл ингээд үзэцгээе: Орос эсвэл Украины талд орох эсэхээ Донбасс болон Крымд амьдардаг хүмүүс өөрсдөө шийдэх ёстой.”

Түүний санал олонд таалагдах эсэх чухал биш гэж хэлээд, “ижил зорилгын төлөө олон сая хүний амь насыг гарздаж болзошгүй” гэдэгт санаа зовж байна гэж мэдэгэв.

Маск үргэлжлүүлэн “Орос улс Украинаас гурав дахин их хүн амтай тул дайнд Украин ялах магадлал бага. Хэрэв та Украины ард түмэнд санаа тавьдаг бол энх тайвныг эрэлхийл” гэж жиргэжээ.

Тэрээр мөн “Украин дахь ‘Starlink’-ийг идэвхжүүлэх, дэмжихийн тулд ‘SpaceX’ одоогоор ~80 сая долларын зардал гаргаад байна. Орост үзүүлэх дэмжлэг маань 0 доллар байна. Мэдээжийн хэрэг, бид Украиныг дэмждэг” гэж жиргэсэн байна.

Хоёрдугаар сард Оросын түрэмгийллийн дараа Украины интернет тасалдсан үед Маск Киевийн хүсэлтээр Украинд тусламж үзүүлж, “SpaceX”-ийн “Starlink” хиймэл дагуулын өргөн зурвасын үйлчилгээгээ санал болгож байв.

Украинаас Германд суугаа Элчин сайд Андрей Мельник мөн Маскийн энхийн төлөвлөгөөнд “Тонилж үз. Энэ бол миний @elonmusk танд илгээх дипломат хариу” хэмээн шулуухан хариулсан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet