ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгос Японы дээгүүр баллистик пуужин харважээ

Хойд Солонгос Японы хойд хэсгийн нутаг дэвсгэр дээгүүр дунд тусгалтай баллистик пуужин харвалаа.

Улмаар Японы засгийн газар орон нутгийн цагаар мягмар гарагийн 07:29 цагт Хоккайдо арлын оршин суугчдыг барилга дотор эвсэл газар доор нуугдахыг анхааруулж, зарим галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоохыг тушаасан байна.

Хойд Солонгос хамгийн сүүлд 2017 онд Япон руу чиглүүлэн пуужин харваж байв.

Албаныхны мэдээлснээр пуужин Японыг давж, эх газраас 3,000 км-ийн зайд Номхон далайд унасан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн хохирол гараагүй байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгосын энэхүү үйлдлийг эрс буруушааж, хөөргөх ажиллагааг “түрэмгийлсэн үйлдэл” гэж тодорхойлсон бол Японы засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар зарлажээ.

Урьдчилан анхааруулалгүйгээр бусад орны зүг болон дээгүүр пуужин хөөргөх нь олон улсын хэм хэмжээг бүрэн зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг халдлага гэж андуурч болох тул ихэнх улс орнууд ийм үйлдлээс бүрэн зайлсхийдэг.

Иймд Хойд Солонгосын пуужингийн туршилтыг асар их өдөөн хатгалга гэж үзэж болох юм.

Пхеньяны зүгээс энэ долоо хоногт өөр дөрвөн пуужин харвасан бөгөөд хоёр пуужин нь бямба гарагт Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна дайлан усанд унажээ.

Хойд Солонгос энэ он гарсаар зэвсгийн туршилтаа эрчимжүүлсэн ба цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгааг АНУ болон Өмнөд Солонгосын талаас мэдэгдээд байгаа.

Улмаар есдүгээр сард Хойд Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй орон болохыг тунхаглаж, тус улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах тухай яриа хэлэлцээр хийх боломжийг үгүйсгэсэн билээ.

Өргөн хүрээний хориг арга хэмжээг үл харгалзан Пхеньян 2006-2017 оны хооронд зургаан удаа цөмийн туршилт хийсэн.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet