ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч Владимир Путин Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

“Луганск, Донецк, Херсон муж, Запорожье мужид амьдардаг хүмүүс үүрд бидний элэг нэгтнүүд болж байна” гэж Путин Кремлийн танхимд цугларсан албаны хүмүүст хандан хэлэв.

Тэрээр цааш нь “Бид бүх хүч, боломжоороо газар нутгаа хамгаалах болно” гэж хэлээд Киевийн дэглэмийг дайсагналаа нэн даруй зогсоож, хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан байна.

Путин барууны орнууд болон хуулийн мэргэжилтнүүдийн хууль бус гэж буруушааж байгаа санал хураалтыг өмгөөлөөд, Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх нь “сая сая хүмүүсийн хүсэл” байсан гэж хэлжээ.

Тэрээр Орост шинээр нэгтгэж буй бүс нутгуудыг сэргээн босгож, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлж, аюулгүй байдлыг чангатгахаа амлав.

Путин яриагаа үргэлжлүүлэн Украиныг Оросын нэг хэсэг гэж хэлээд, харин барууны орнуудыг Украины тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд дэмжлэг үзүүлэх замаар Оросыг хагалан бутаргахаар оролдож байна гэж буруушаажээ.

Мөн барууны орнуудыг “шуналтай” гэж тодорхойлсноос гадна Оросыг “чөлөөт нийгэм”-ийг устгаж, барууны “колони” болгохыг хүсэж байгаа учраас тус улсын эсрэг “холимог дайн” явуулж байна гэж мэдэгджээ.

Путин цааш нь Луганск, Донецк, Запорожье, Херсоны иргэд “өөрсдийн сонголтоо” хийсэн гэдгийг онцолж, Украины нутаг дэвсгэрийг нэгтгэх асуудлаар дахин хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэв.

Оросын ерөнхийлөгч үгээ дуусгаж, дараа нь дөрвөн бүс нутгийн Оросоос томилогдсон удирдагч нар болон Путин өөрөө албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Гэхдээ Үндсэн хуулийн цэц болон Төрийн Дум бүс нутгуудыг Орост нэгтгэхийг зөвшөөрснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болно. Дараа нь баримт бичгүүдийг Холбооны Зөвлөл батлах бөгөөд үүний дараа Думын шийдвэрт Владимир Путин албан ёсоор гарын үсэг зурах юм. Уг үйл явц 10-р сарын дөрвөн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

ЕХ-ны комиссын тэргүүн Урсула фон дер Лейен энэ алхмыг юуг ч өөрчлөхгүй бөгөөд “Бид энэ хууль бус хавсралтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Оросын түрэмгийлэгчдийн хууль бусаар эзэлсэн бүх нутаг дэвсгэр нь Украины газар нутаг” гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн Путиний мэдэгдлийг няцааж, Оросын мэдэлд байгаа бүх газар нутгаа эргүүлэн авахын тулд довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet