ДЭЛХИЙН МЭДЭЭ

Куба, Флоридад ихээхэн хохирол учруулсан “Иан” хар салхи Хойд болон Өмнөд Каролина руу чиглэж байна

“Иан” хар салхи дайран өнгөрсний дараа АНУ-ын Флорида мужид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Тус мужид дор хаяж 10 хүн нас барсан боловч албаны хүмүүс амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж таамаглаж байна.

Куба болон Флоридад ихээхэн хохирол учруулсан “Иан” одоо Хойд болон Өмнөд Каролина руу чиглэж байгааг цаг уурын алба мэдэгдэв.

Флорида мужийг дайран өнгөрөхдөө халуун орны шуурга болж суларсан “Иан” пүрэв гарагийн үдээс хойш Атлантын далай дээгүүр Өмнөд Каролина руу чиглэхдээ дахин нэгдүгээр зэрэглэлийн хар салхины хүчтэй болж, салхины хамгийн дээд хурд нь 120 км/цагт хүрсэн гэж АНУ-ын үндэсний хар салхи Төв (NHC) мэдэгдэв.

Хар салхи баасан гарагийн 14:00 цагийн орчимд Өмнөд Каролинагийн Чарлстон хотын ойролцоо хүрч, амь насанд аюул учруулж болзошгүй үер, шуурга, салхи авчрах төлөвтэй байна.

Энэ үеэр, хар салхи дайран өнгөрсөн Флорида мужийн 2.2 сая орчим байшин барилга, аж ахуйн нэгж цахилгаангүй хэвээр байна.

Үерийн ус маш ширүүн байсан тул зарим хүмүүс гэрээсээ гарч амжилгүй гацсан байж магадгүй гэж албаныхан мэдэгдээд, Үндэсний гвард Орландо хотод айлуудаар явж, гацсан хүмүүсийг аврахаар ажиллаж байгааг мэдэгдэв.

Амиа алдсан хүмүүс бүгд Шарлотт мужийн баруун өмнөд хэсэгт бүртгэгджээ. Орон нутгийн комиссар Жозеф Тисеогийн хэлснээр тус бүс нутагт хүчтэй салхи 12 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн байна.

Өмнө зүгт Флоридагийн Ли Каунти тойрог мөн шуурганд өртжээ.

Мужийн амбан захирагч Рон ДеСантис пүрэв гарагийн орой хэвлэлийн бага хурлын үеэр Форд Майерст учирсан хохирлыг хамгийн том нь гэж хэлээд, “бараг үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж тодорхойлжээ.

Форд Майерст далайн эргийн зарим байшингууд бүхэлдээ арчигдаж, зарим байшингаас ердөө бетон хавтан үлдсэн байна.

Флоридагийн Онцгой байдлын хэлтсийн захирал Кевин Гутри мужийн захирагчийн хэвлэлийн бага хурал дээр “шууд бус үхэл” буюу шуурга өнгөрсний дараа тохиолдож болох үхлийн талаар ард иргэдэд анхааруулав.

Тэрээр байшингийн эздэд цахилгааны шугамнаас болгоомжлохыг анхааруулж, хүмүүсийг зохих бэлтгэлгүйгээр ямар нэг зүйл хийхгүй байхыг зөвлөжээ.

Форт Майерсаас өмнө зүгт орших далайн эргийн Неаполь хотод үерийн ус ихээхэн хохирол учруулж, хотын хөлөг онгоцны зогсоолын тал хувийг сүйтгэсэн байна.

Далайн эргээс нэг блок орчим зайд зарим замууд явах боломжгүй, усанд автсан хэвээр байгаа бол зарим хэсэгт ус аажмаар татарсан ч шаварт дарагдсан байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet