ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх Оросын оролдлогыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Байден мэдэгдэв

АНУ “хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч” Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх Оросын оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

Оросын дэмжлэгтэй засаг захиргаа Луганск, Донецк, Запорожье, Херсон мужуудад Орост нэгдэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж, дэмжсэн үр дүн гарсны дараа пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Запорожье, Херсон мужуудыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн хоёр зарлигт гарын үсэг зурлаа.

Харин өнөөдөр Путин Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор Орост нэгтгэх зарлигийг батлах төлөвтэй байна.

Гэвч Украин болон түүний барууны холбоотнууд санал хураалтыг үгүйсгэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

“АНУ Украины бүрэн эрхт нутаг дэвсгэрийн талаарх Оросын нэхэмжлэлийг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг би маш тодорхой хэлмээр байна” гэж Байден баасан гарагт Путиний мэдэгдлийн өмнө хэлэв.

Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан баримт бичигт Запорожье, Херсон бүс нутгуудын тусгаар тогтнолыг олон улсын хууль тогтоомж болон “НҮБ-ын дүрэмд тусгасан”-ы  дагуу хүлээн зөвшөөрч байна гэж тэмдэглэжээ.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш аливаа улсын нутаг дэвсгэрийг хүчээр өөртөө нэгтгэх нь НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн хатуу шүүмжилсэн байна.

Мөн үүнийг “орчин үеийн ертөнцөд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюултай хурцадмал байдал” гэж нэрлэжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Путинтэй утсаар ярихдаа энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа хэлсэн байна. Тэрээр Оросын удирдагчийг хурцадмал байдлыг намжааж, энхийн хэлэлцээр хийх боломж дахин олгохыг уриалсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Барууны эсэргүүцлийг үл хамааран баасан гарагт Путин мэдэгдэл хийхээр төлөвлөөд байгаа ба пүрэв гарагт Москвад бэлтгэл ажил нь эхэлжээ. Улаан талбайд Украины дөрвөн бүс нутгийг Оросын нэг хэсэг хэмээн тунхагласан сурталчилгааны самбартай тайз аль хэдийн зассан байна.

“Tass” агентлагийн мэдээлснээр гарын үсэг зурах ёслол Москвагийн цагаар 15:00 цагаас Кремльд эхэлнэ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet