ДЭЛХИЙН МЭДЭЭ

Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 83 хүн амь үрэгдээд байна

Иранд хоёр долоо хоног үргэлжилсэн жагсаалын үеэр дор хаяж 83 хүн амь үрэгдсэн тухай хүний ​​эрхийн байгууллага мэдэгдэв.

Ираны Курдын Сакез хотын иргэн 22 настай Махса Амини энэ сард Тегеран хотноо “тохиромжгүй хувцасласан” шалтгаанаар ёс суртахууны цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсан.

Уг хэрэг явдлын дараа бухимдсан иргэд Иран даяар олон хотод эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн бөгөөд энэ нь 2019 онд бензиний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалаас хойш тус улсад болж буй анхны томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдож байна.

Норвегид төвтэй Ираны Хүний эрхийн байгууллага “Иран дахь эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 83 хүн, түүний дотор хүүхдүүд амь үрэгдсэн нь батлагдсан” гэж “Twitter” хуудсаараа мэдэгджээ.

Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, эрх баригчид хатуу арга хэмжээ авч байгаа хэдий ч Тегеран, Кум, Рашт, Санандаж, Масжед-и-Сулейман болон бусад хотуудад жагсагчид шашны тэргүүнүүдийг түлхэн унагаахыг уриалж, эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна.

Цагдаагийн байгууллага олон тооны “үймээн самуун дэгдээгчдийг” баривчилсан гэж төрийн телевизээр мэдээлсэн боловч тодорхой тоо хэлээгүй байна.

Хүний эрхийн байгууллагууд мөн олон арван идэвхтэн, оюутан, уран бүтээлчид баривчлагдсан гэж мэдэгдсэн бол Сэтгүүлчдийг хамгаалах хороо есдүгээр сарын 29-ний байдлаар дор хаяж 28 сэтгүүлч аюулгүй байдлын албаныханд баривчлагдсан тухай “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, Германы Гадаад хэргийн сайд Аминигийн үхэлтэй холбоотойгоор Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг Европын холбооноос шаардсан байна.

Мөн Норвегийн Осло дахь Ираны элчин сайдын яамны гадаа жагсаал болж, хэд хэдэн хүн яам руу нэвтрэхийг завдаж, хоёр хүн хөнгөн гэмтэл авсан болохыг Норвегийн цагдаагийн газар мэдэгдэв. Цагдаагийн байгууллага жагсаалын үеэр 95 хүнийг баривчлан, саатуулаад байгаа аж.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси эмх замбараагүй байдлыг 1979 оны Исламын хувьсгалаас хойш тус улсын эсрэг дайсагнаж ирсэн барууны гүрнүүдийн зохион байгуулж буй арга хэмжээ гэж нэрлэжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet