ЗАСГИЙН ГАЗАР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсын төр, засаг, ард түмнээ төлөөлөн Төрийн ёслолд оролцож хүндэтгэл илэрхийлснээ дурдаж, Ш.Абэ нь Монгол, Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэв.

Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын улс төрийн харилцаан дахь ололт амжилтыг бататгах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч, харилцааны итгэмжилсэн байдал гүнзгийрч, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараагийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн улс орнууд цаг уурын дулаарлын эсрэг, нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлого барьж буй энэ үед Монгол Улс ч дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт дэвшүүлэн ажиллаж буйг дурдаад Япон, Австралийн Засгийн газруудын хамтран хэрэгжүүлж байгаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын төсөлд Монгол Улс хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Японы агаарын тээврийн компаниуд Монгол руу тогтмол нислэг үйлдэх, Монгол иргэдийг Япон Улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярилаа. 

 
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалын талаар уулзалтын үеэр Ерөнхий сайд нар санал солилцлоо. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2017-2021 оны Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг сайшааж, шинээр байгуулах ээлжит Дунд хугацааны хөтөлбөр нь хоёр улсын дараагийн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжсан, олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй, ялангуяа эдийн засаг, бизнесийн хувьд харилцан ашигтай байх түншлэлийг бэхжүүлсэн баримт бичиг болох тухай ярилцлаа.
Бүс нутаг, олон улсын талбарт мөн идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа талууд нотоллоо.
 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet