ДЭЛХИЙН МЭДЭЭ

Норвеги улс газрын тос, байгалийн хийн байгууламжуудаа хамгаалахын тулд цэрэг байршуулна

Оросоос Европ руу чиглэсэн хоёр хийн хоолой задарч, Балтын тэнгис рүү их хэмжээний хий алдагдаж байгааг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэд хэдэн улс мэдэгдсэний дараа Норвеги улс газрын тос, байгалийн хийн байгууламжуудаа болзошгүй халдлагаас хамгаалахын тулд цэргийн хүчээ байршуулахаар болсон гэж тус улсын ерөнхий сайд лхагва гарагт мэдэгдэв.

“Хойд урсгал” хийн хоолойд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны улмаас хий алдагдсан нь эрчим хүчний зах зээлийг донсолгож, аюулгүй байдлын түгшүүрийг нэмэгдүүлэв.

Норвеги улс одоо Европын хамгийн том хий нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч газрын тосны нийлүүлэгч юм. Тус улс далайн гүнийн 90 гаруй газрын тос, байгалийн хийн ордуудтай бөгөөд ихэнх нь 9,000 км үргэлжилсэн хий дамжуулах хоолойн сүлжээнд холбогдсон байдаг.

Ерөнхий сайд Йонас Гар Сторер хэвлэлийн бага хурал дээр “Норвегийн газрын тос, байгалийн хийн байгууламжуудын хамгаалалтад цэрэг армийн бүрэлдэхүүн илүү ихээр оролцох болно” гэж хэлэв.

Аливаа халдлагыг холбоотнуудтайгаа хамтран зохицуулна гэж тэрээр хэлсэн байна. Норвеги бол НАТО-гийн гишүүн орон юм.

Тэнгисийн цэргийн хүчин далайд ажиллаж байгууламжийг хамгаалах үүрэг хүлээх бол эрэг дээрх байгууламжуудад цагдаа нарын оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэж тэрээр хэлэв.

Норвегийн төрийн өмчит эрчим хүчний компани болох “Equinor” мөн лхагва гарагт аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан гэж мэдэгджээ.

НАТО болон Европын холбоо чухал дэд бүтцээ хамгаалах шаардлагатайг онцлон тэмдэглэж, хэрвээ дахин халдлага гарвал “хүчтэй, нэгдсэн хариу арга хэмжээ” авахаа анхааруулаад байгаа.

Даваа гарагт Норвегийн Газрын тосны аюулгүй байдлын алба Норвегийн далайн гүнийн газрын тос, байгалийн хийн платформуудын ойролцоо үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцнууд нисэж байгааг мэдэгдээд, илүү сонор сэрэмжтэй байхыг уриалж, осол аваар эсвэл санаатай халдлагаас болгоомжлохыг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet