ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс Японы консулыг тагнуулын хэргээр саатуулсны дараа Японы засгийн газар эсэргүүцлээ илэрхийлжээ

Даваа гарагт Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Оросын Номхон далайн боомт хот Владивосток дахь Японы консулыг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулаад, 48 цагийн дотор Оросын нутаг дэвсгэрээс гарахыг тушаажээ.

Тус агентлаг Японы консулыг хэдэн цагийн турш саатуулсныхаа дараа сулласан байна.

Консул Мотоки Тацунори барууны хориг арга хэмжээ Оросын алс дорнодын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаар нууц мэдээллийг хүлээн авч байхдаа баригдсан тул түүнийг “тааламжгүй этгээд” буюу “persona non grata” хэмээн зарласан гэж “ФСБ” мэдэгдэв.

Тус агентлагийн мэдэгдсэнээр консулын хүлээн авсан мэдээлэлд Орос болон Ази, Номхон далайн бүс нутгийн нэр нь үл мэдэгдэх нэгэн улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны тухай нууцын зэрэглэлтэй мэдээлэл багтсан бөгөөд консул Тацунори үүний төлөө мөнгөн шагнал төлсөн гэв.

Оросын засгийн газар консулын дээрх үйлдэлтэй холбогдуулан Японы талд дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр консул Мотоки бичиг баримт хүлээн авч байгаа, “ФСБ”-д байцаалт өгч байхдаа нууц мэдээлэл хүлээн авснаа хүлээн зөвшөөрч буй дүрс бичлэгийг нийтэлжээ.

Харин мягмар гарагт Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно тус улсын консулыг саатуулсантай холбогдуулан  “хүчтэй эсэргүүцэл” илэрхийлж, Япон улс хариу арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгдэв.

Тэрээр саатуулагдсан консулыг хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Мөн Орос улс консулын нүдийг боож, хөдөлгөөнийг нь хязгаарлаж, албадан байцаалт авсан нь “Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг илт зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлжээ.

Японы Гадаад хэргийн дэд сайд тус улсад суугаа Оросын Элчин сайдад хандан Москваг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан бөгөөд хэрэв уучлалт гуйхгүй бол “үүнтэй адил арга хэмжээ авна” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet