ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путиний холбоотон Евгений Пригожин “Wagner” нэртэй хөлсний бүлэглэл үүсгэн байгуулснаа хүлээн зөвшөөрөв

Оросын бизнесмен, Владимир Путиний ойрын холбоотон Евгений Пригожин 2014 онд хөлсний цэргийн “Wagner Group” нэртэй компанийг үүсгэн байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Пригожин өмнө нь тус бүлэглэлтэй холбоотой гэх аливаа мэдээллийг хатуу няцааж ирсэн бөгөөд энэ нь түүний тус бүлэглэлтэй холбоотой гэдгээ олон нийтэд баталсан анхны тохиолдол болж байна.

“Путиний тогооч” хочтой Пригожин нь “Wagner” компанийг Украины зүүн бүс дэх Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдыг дэмжих зорилгоор анх байгуулсан тухайгаа өөрийн “Concord” компаниар дамжуулан нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Тэрээр “Би өөрийн гараар хуучин зэвсэг цэвэрлэж, сум нэвтэрдэггүй хантаазыг ялгаж, надад туслах мэргэжилтнүүдийг олсон. Энэ мөчөөс буюу 2014 оны тавдугаар сарын нэгэнд эх орончдын бүлэг мэндэлсэн бөгөөд хожим нь “Wagner”-ын батальон гэж нэрлэгдэх болсон” гэж бичсэн байна.

Пригожин үргэлжлүүлэн “Би тэдний улс орныхоо эрх ашгийг хамгаалах эрхийг хамгаалж чадсанаараа бахархдаг” гэж мэдэгдэлдээ дурджээ.

“Wagner”-ын хөлсний цэргүүдийг Украин, Сири, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан, Мозамбикт хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн буруутгадаг. Бүлгийг хамтран үүсгэн байгуулагч гэгддэг Дмитрий Уткинийг хэт барууны үзэлтнүүдтэй холбоотой бөгөөд бүлгийг Гитлерийн дуртай хөгжмийн зохиолчийн нэрээр нэрлэсэн гэж үздэг.

Пригожин цааш нь “Wagner”-ын цэргүүдийг Украин, Сири болон Араб, Африк, Латин Америкийн бусад оронд тулалдсан “баатрууд” гэж тодорхойлсон байна.

Өмнө нь түүнийг “Wagner”-тай холбон мэдээлж байсан Оросын болон барууны хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгч байсан удаатай. Харин даваа гарагийн мэдэгдэлдээ Пригожин “Wagner”-ын цэргүүдийг хамгаалахын тулд өөрийн холбоогоо нууцалж байсан гэдгээ илчилжээ.

2018 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад “Wagner”-ын үйл ажиллагааг мөрдөн шалгаж байсан Оросын гурван сэтгүүлч буудуулж амиа алдсан бөгөөд тэдний үхэлд хэн буруутай болох нь тодорхойгүй үлдсэн байдаг.

Өөрийгөө ихэд нууцалж ирсэн бизнесмен Оросын дайныг дэмжигчдийн дунд тодорч гарч ирсний дараа түүнийг засгийн газарт үүрэг гүйцэтгэхээр зорьж байна гэсэн цуурхал гарсан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet