ДЭЛХИЙН МЭДЭЭ

Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ

2013 онд АНУ-ын тагнуулын байгууллагад гэрээгээр ажиллаж байхдаа нууц мэдээлэл задруулсан Эдвард Сноуден Оросын иргэншилтэй болжээ.

Даваа гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сноуденд иргэншил олгох зарлигт гарын үсэг зурсан байна. Өдгөө 39 настай Сноуден нь 2013 онд АНУ-ын сая сая иргэдэд нөлөөлөх Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ийн хөтөлбөрийг ил болгосноос хойш Орос руу дүрвэн амьдарч байгаа юм.

АНУ-д тагнуулын хэрэгт буруутгагдаж буй тэрээр олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

2020 онд АНУ-ын Давж заалдах шатны шүүх олон сая америкчуудын утасны бичлэгийг чагнасан “NSA”-ийн хөтөлбөрийг хууль бус гэж үзсэн бөгөөд үүний дараа Сноуден энэ шийдвэрийг түүнийг зөвтгөх үндэслэл гэж бодож байгаагаа мэдэгдэж байв.

Сноуденыг нотлох баримт дэлгэх хүртэл АНУ-ын тагнуулын дээд албан тушаалтнууд “NSA” хэзээ ч хувийн утасны дуудлагаас мэдээлэл цуглуулж байгаагүй гэж олон нийтэд мэдэгдэж байсан.

Харин бүх зүйл ил болсны дараа албаны хүмүүс “NSA”-ийн ажиглалтын хөтөлбөрийг дотоодын терроризмын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдээд, тандалтын тусламжтайгаар Сомали дахь Шабаб бүлэглэлийн дайчдад тусалсан Сан Диегогийн Басаали Саид Моалин, Ахмед Насир Таалил Мохамуд, Мохамед Мохамуд, Исса Доре нарыг хэрэгт татсан тухай дурдаж байв.

Даваа гарагт Сноудены өмгөөлөгч Анатолий Кучерена түүний үйлчлүүлэгч Оросын армид алба хаагаагүй тул өнгөрсөн долоо хоногт зарласан хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдахгүй гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet