ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путинийг дэмжигч Оросын парламентын гишүүд цэрэг дайчилгааг хатуу шүүмжилжээ

Ням гарагт Оросын хамгийн өндөр албан тушаалтай хоёр хууль тогтоогч цэрэг татлагын талаар олон гомдол гарч байгааг онцлоод, бүс нутгийн удирдлагуудад нөхцөл байдлыг зохицуулж, олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн “замбараагүй байдал”-ыг яаралтай шийдвэрлэхийг тушаажээ.

Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Орост анх удаа цэрэг дайчилгаа зарласан нь улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өдөөж, цэргийн насны эрчүүдийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн.

Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу зөвхөн цэргийн тусгай ур чадвартай эсвэл байлдааны туршлагатай хүмүүсийг цэрэгт татна гэж мэдэгдсэн бол цэргийн алба хааж байгаагүй хүмүүст зарлан дуудах хуудас өгч байгаа тухай олон баримтууд ил болж, улмаар Кремлийг дэмжигч хэт үндсэрхэг зүтгэлтнүүд хүртэл санаа зовж байгаагаа олон нийтэд илэрхийлээд байна.

Путиний ойрын холбоотон болох Оросын парламентын хоёр том гишүүн олон нийт дайчлах ажиллагааны талаар уур бухимдалтай байгааг ил тодоор илэрхийлэв.

Оросын Дээд танхим болох Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко цэрэг татлагаас чөлөөлөгдөх ёстой хүмүүст зарлан дуудах хуудас ирж байгааг дурдаад, “Ийм хэтрүүлгийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн тэд нийгэмд огцом хариу үйлдэл үзүүлж байгаа нь туйлын зөв гэж би үзэж байна” гэж “Telegram” дээр бичжээ.

Мөн тэрээр цэрэг татлагыг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Оросын бүс нутгийн захирагч нарт илгээсэн албан бичигтээ “Хэсэгчилсэн дайчилгааг зохион байгуулахдаа заасан шалгуурыг бүрэн ба үнэмлэхүй дагаж мөрдөх тал дээр анхаарч ажиллана уу. Ганц ч алдаа гаргаж болохгүй” гэж бичжээ.

Оросын Доод танхим болох Төрийн Думын дарга Вячеслав Володин мөн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Олон гомдол хүлээн авсан. Алдаа гаргасан бол засаж залруулах хэрэгтэй… Эрх баригчид бүх шатны хариуцлагаа ухамсарлах ёстой” гэж мэдэгджээ.

Дайчилгааны хүрээнд Москва 300,000 иргэнийг цэрэгт татна гэж мэдэгдээд байгаа. Гэвч Оросын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кремль нэг сая гаруй хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан.

Өнгөрсөн долоо хоногт олон арван хотод дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, 2,000 гаруй хүнийг баривчлан саатуулсан болохыг хүний ​​эрхийн байгууллагууд мэдэгдэв. Түүнчлэн ням гарагт Оросын Алс Дорнод, Сибирьт олон тооны эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet